Иргэд хууль тогтооход нөлөөлөх боломж

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Иргэд хууль тогтооход нөлөөлөх боломж

Иргэд УИХ-аас баталдаг хууль, ИТХ-аас гаргадаг шийдвэрт нөлөөлж чадна гэвэл итгэх хүн бараг гарахгүй л болов уу. Үлгэр гэж бодох нь дийлэнх байх биз. Хууль тогтоомж, шийдвэр иргэдийн амьдрал ахуйд нийцэхгүй гарлаа ч хууль л бол хууль, дагаж мөрдөх үүрэг иргэдийн толгой дээр буудаг.

Намуудын ашиг сонирхлоос шууд хараат болж хувирсан парламент, ИТХ дийлэнхдээ улс төрийн эрх ашгийн үүднээс хууль тогтоож, шийдвэр гаргадаг болсныг сонгогчид мэдэхийн дээдээр мэддэг ч түүнийг өөрчлөх ямар ч аргагүйн эрхээр спикер алх тогшихтой зэрэгцэн хэрэгжүүлж мөрдөх үүргийг иргэд өөрийн эрхгүй хүлээдэг. Өөр гарц одоогоор байхгүй.

Тэгвэл 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийг авч үзье. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэжээ. Эндээс харвал засгийн бүх эрх мэдлийг гартаа авч, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй иргэд шударга бус, иргэдийн амьдралд халтай ямар ч хууль, тогтоомж, шийдвэрийг УИХ, ИТХ-ын босго давуулалгүй “хориг” босгох эрхтэй мэт.

Гэвч Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн төр барих эрх дөрвөн жилд ганц удаа сонгуульд санал өгч, хэн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог хэдхэн секундэд дугуйлж будах төдийгөөр дуусгавар болсоор олон жилийг үдлээ. Өөрөөр хэлбэл, Монголд Үндсэн хуульд заасан төлөөллийн ардчилал хэрэгжиж ирснээс бус, иргэд өөрсдийнхөө шууд эрхийг төлөөлөлдөө “ацагласан” төдийгөөр эрхээ хумиулсаар өдийг хүрсэн хэрэг.

Хуулийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар санаачлах, өргөн барих эрхтэй тул жирийн иргэдэд халгаатай хууль батлагдлаа гэхэд хандах газаргүй. Халтай хуулиа УИХ зүгээр ч нэг батлахгүй. Чоно борооноор гэгчээр шинэ жил, цагаан сарыг тааруулж, хүн зон баярын сэтгэл хөөрөлд “хөвөлзөж” байх эгзэгтэй үеийг тааруулан сэмхэн “бэлэг” барьдаг хуучтай болсон. Баяр өнгөрөөд сэхээ ороход бензин шатахууны үнэ өсч, гэрэл, цахилгааны төлбөр нэмэгдчихсэн байх жишээтэй. Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэрээр хэчнээн шуугиж, бүр цуглаж жагсаж, МҮЭ хүчийг нэмлээ ч байдал өөрчлөгдөхгүй. Дийлэнхдээ “Оготнын дуу тэнгэрт хүрэхгүй” гэгчээр замхраад өнгөрнө. Эсвэл зарим нь попчуудын тоог нэмж, эвгүйдвэл хэн нэгэн эрх мэдэлтэнд олзлогдон “атга шар тос” үмхээд үүрд амаа хамхина.

Хорлонтой нь гэвэл эрхэм гишүүд өөрсдөдөө хэрэгтэй хуулийг нэн түрүүнд хэлэлцээд, ард иргэдэд хамаатай хуулийг хав даран орхигдуулдаг гэмтэй.

Хамгийн сүүлд л гэхэд татвар өсгөлөө, тэтгэврийн насыг нэмлээ, хүүхдийн мөнгө хаслаа хэмээн шуугицгааж байна. Тэгвэл төлөөллийн ардчилал нэрээр улстөрчдөд, улс төрийн намуудад булаагдсан иргэдийн шууд оролцооны эрхийг хэрхэн хангах вэ?

Хууль тогтооход иргэдийн шууд оролцоог хангахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлсэн боловч парламент хүлээж авалгүй буцаасан. Гэхдээ уг хуулийн төслийг сайжруулаад дахин өргөн барих боломж бас бий.

Уг хуулийн төсөлд тусгаснаар иргэд өргөн баригдсан хуулийн төслийн талаар сайн дураараа санал нэгдэн гарын үсэг цуглуулж саналаа хууль санаачлагчдад уламжилж болно, эсвэл нэн шаардлагатай боловч хууль санаачлагчид өргөн мэдүүлээгүй хуулийн төслөөр иргэд хамтран санал боловсруулж эрх бүхий хууль санаачлагчдад уламжлах эрхтэй. Үүнээс гадна иргэд нийтийн санал асуулга санаачилж ч болно.

Гэхдээ хэн дуртай таван хүн нийлээд гарын үсэг зураад, нийтийн санал асуулга явуулаад хууль, тогтоомж батлахад нөлөөлөөд байна гэсэн үг бас биш. Иргэдийн шууд оролцоо хэчнээн баталгаажлаа ч гэсэн хууль санаачлах эрх бүхий гурван субъект болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хэвээрээ л байна.

Тэгвэл УИХ-аар батлагдах хууль, ИТХ-аас гаргах шийдвэрт иргэд хэрхэн оролцох вэ? Хэрэв аль нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэвэл сонгуулийн насны 10 мянган иргэн саналаа хууль санаачлах эрхтэй гурван субъектад илгээнэ. УИХ-аар хэлэлцэх гэж буй хуулийн төсөлд иргэд нөлөөлье гэвэл 3 сарын хугацаанд 5000 сонгогч гарын үсэг зурах ёстой. Түүнийг СЕХ нягталж шалгана. СЕХ шаардлага хангасан гэж үзвэл хууль санаачлах эрх бүхий дээрх 3 субъектэд хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлэх эрхтэй болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардын үг” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо, мөн эмэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөлтэй Их тэнгэрт цогцолборт уулзахдаа гадаад орнуудад сонгогчид иргэдийн санаачлагад ээлтэй парламентын гишүүдтэй байж болдог тухай ярьсан. Сонгогчид иргэдийн санаачлагад ээлтэй 3-8 гишүүнд хуулийн төсөлд оруулах саналаа уламжилж, тэдгээр гишүүд цааш нь чуулганд оруулан хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг юм байна. Хэрэв тухайн гишүүн иргэдийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл яагаад гэдгээ эргэн тайлбарлах шаардлагатай болдог.

Хэрэв иргэдийн амьдралд хэрэгтэй хуулийг УИХ-аар батлахгүй, ИТХ-аар шийдвэр гаргахгүй бол яах вэ?

Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төсөлд энэ талаар бас зохицуулалт бий. Иргэдэд хамаатай хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй хойш тавиад, хав дараад байвал таваас 10 иргэн санаачлагчдын бүлэг байгуулж, мөн л 3 сарын хугацаанд сонгуульд санал өгөх эрхтэй 5000 иргэний гарын үсгийг цуглуулан УИХ-д саналаа хүргүүлж хандана. Шаардлага хангасан тохиолдолд Улсын Их Хурлын Тамгын газар саналыг бүртгэж, санаачлагчдын бүлэгт хүргүүлэх бөгөөд шаардлага хангаагүй бол хүсэлтийг бүртгэхээс татгалзаж, үндэслэл бүхий тайлбарыг санаачлагчдын бүлэгт бичгээр хүргүүлэх үүрэг хүлээнэ. Орон нутгийнхаа ИТХ-ын шийдвэрт нөлөөлье гэвэл тухайн засаг захиргааны нэгжийн сонгуулийн насны иргэдийн нэг хувьтай тэнцэх тооны иргэд 45 хоногийн дотор гарын үсгээ цуглуулан орон нутгийн Хуралдаа хандаж асуудлаа оруулах боломжтой юм байна.

Ард нийтийн санал асуулга гэдгийг Монгол Улсад эхний бөгөөд сүүлийн удаа 1945 оны 10 дугаар сарын 20-нд улсынхаа тусгаар тогтнолын асуудлаар явуулжээ. Бичиг мэдэх нь гарын үсгээ зурж, бичиг үсэггүй нь хурууны хээгээ дарсан эл санал асуулгаар Монгол орон туурга тусгаар гэдгээ тунхаглаж чадсан.

Уг нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1995 онд анхлан баталж, 2016 онд шинэчлэн баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй юм. Харин Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төсөлд нийтийн санал асуулга явуулах, ингэхдээ иргэд доороосоо санал болгох талаар тусгаж өгөөд байна.

Хүчингүй болгуулахыг хүссэн буюу өөрчлөлт оруулах хуулийн талаар иргэд нийтийн санал асуулга явуулахын тулд мөн л санаачлагчдын бүлэг байгуулна. Үүний дараа СЕХ-нд бүртгүүлж гарын үсгээ цуглуулна. Үүнийг Хууль зүйн яам хянах юм.

Нэгэнт улс даяар мөрдөх хуулийг цуцлах асуудал тавигадж байгаа тул хагас жилийн хугацаанд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөн хувьтай тэнцэх тооны сонгогчид 3 сарын дотор гарын үсгээ цуглуулан нэгтгэж холбогдох төрийн байгууллагаас санал асуулга явуулах шийдвэр гаргуулах учиртай.

Гэхдээ хариуцлагагүй төрийн түшээг эгүүлэн татах, ард иргэдийн амьдралд шууд харшлах хуулийг цуцлуулах зэрэг асуудлаар санал асуулга явуулахаас бус, үндэсний аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахтай холбоотой асуудлаар иргэд санаачилга гаргах эрхгүй байх хязгаарлалт бас бий.

Ийм замаар иргэд төлөөллийн ардчилалд булаагдсан эрхээ буцаан авч, амьдрлаас хол хөндий юм уу, иргэдийн эрх ашгийг хөндсөн хууль, тогтоомж, шийдвэр гаргуулахгүй байж, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хангах боломж үүсч болохыг Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төсөлд тусгаад байна.

Ингэснээр иргэд “Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно” гэсэн Үндсэн хуулийн эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж, иргэдийн эрх ашигт харш хуулийг парламентын босгоор алхуулахгүй байх боломж бүрдэх нь ээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж