“Халтар царайт”-ын эх орон өлсгөлөнд нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

“Халтар царайт”-ын эх орон өлсгөлөнд нэрвэгджээ

Венесуэл улс ийм эмгэнэлт байдалд орж байсангүй. Өнөөдөр эрчим хүчний түүхий эдээр хамгийн баян улс “Чинээлэг, орчин үеийн улс” байх ёстой байтал өдөр тутамд айл өрхийнхөн цахилгаан тасарч, ард иргэд нь хүнсний хомсдолд орж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Венесуэл өлсгөлөнд нэрвэгдэж, эмгэнэлт нөхцөл байдалтай байгаа ажээ.

2013 онд “Ард түмний ерөнхийлөгч” хэмээн өргөмжлөгдсөн Уго Чавес өөд болж, улмаар түүнийг орыг Николас Мадуро залгамжилсан билээ. Олон улсын түүнийг Уго Чавесын итгэлт хүн хэмээн харж байсан ч талаар өнгөрөв. Ард түмнийг саналыг үл тоон ерөнхийлөгч болсон тэрбээр далд олигархуудтай холбоо тогтоож, Венесуэл улсыг дампуурууллаа. Өнөөдөр Венесуэл газрын тос, тосон бүтээгдэхүүний орлогоор амь залгуулдаг, авлигад идэгдсэн, мансууруулах бодисын наймаачдын улс болон хувирав.

2015 онд Венесуэлийн гадаад валютын нөөц хомсдож байх үед Мадурогийн хүү өөрийн хуримд дээрээ доллараар “бороо” оруулж байсан бичлэг олон нийтэд ил болсон байдаг.

Мөн оны 11 дүгээр сард Мадурогийн гэргий болон хоёр үеэл нь хар тамхины наймаанд буруутгагдан Нью-Йоркийн шүүхэд дуудагдаж байсан. Түүний эхнэр Силия Флорес мөн адил улс төрч, тэрбээр Парламентын спикерийн албан тушаал хашдаг.

Венесуэл улсын төрийн сан хоосорч, 2016 оны төгсгөлд сүйрлийн эрмэгт ирэв. 2016 онд тус улсын инфляц 750 хувьд хүрчээ. Харин 2017 оны төгсгөлд 1660 хувьд хүрэх таамаглалтай байна. Венесуэлийн хүн амын 81.8 хувь нь амьдралын баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай. Үүнээс гадна тус улс ойрын хугацаанд дөрвөн тэрбум ам.долларыг барагдуулах учиртай юм.

Өдөр тутмын амьдралынхаа төлөө тэмцэж буй ард иргэд нь тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хүрч, улмаар хөрш зэргэлдээх Колумби, Бразил руу нүүх хүсэл нь улам нэмэгдэж байна. “Газрын тосны социализм” барих асуудал сүйрлээр төгсөв. Латин Америкийн хамгийн баян улс эдийн засгийн хуулийг үл тоон тааруу менежментийн үр дүнд бүрэн дампуурч байна.

Олон улс Николас Мадурог “Толгогүй тахиа”, “Дарангуйлагч”, “Дарангуйлагчдын шинэ үе”, “Галзуу дарангуйлагч” хэмээн цоллож байна.

Нөхцөл байдал тэвчихийн аргагүйд хүрсэн тул Венесуэлийн ард түмний дөрөвний гурван нь Николас Мадурог огцрохыг шаардаж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цуст тэмцлийг өрнүүлж байна. Тэд ийм дарангуйлагчтай байхыг хүсэхгүй байна. Тэд ардчилсан тогтолцоот улс байхыг хүсчээ. 2013 онд ард түмний саналыг үл тоон ерөнхийлөгч болсон Николас Мадуро албан тушаалдаа тогтож үлдэхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэхэд бэлэн байгаа аж. Суудал нь ганхсан Мадуро хэдхэн сарын өмнө хууль тогтоох засаглалын бүрэн эрхийг өөрийн гартаа оруулсан. Энэ нь ард түмний дургүйцлийг ихэд хүргэж, улмаар “Бидэнд дарангуйлагч хэрэггүй”, “Бид ардчилсан тогтолцоот улс байхыг хүсч байна” уриатай эсэргүүцлийн акц өнгөрсөн долоо хоногт улам хүчээ аваад байна.

Гэсэн хэдий ч Мадуро эсэргүүцлийн акцыг хүчээр зогсоолоо. Венесуэлийн ард түмэн, сөрөг хүчнийхэн зорилгодоо хүрч чадсангүй ээ. Магадгүй тэд 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээхээс өөр гарцгүй болж байна. Гэхдээ 2018 онд Николас Мадуро ерөнхийлөгчийнхөө суудлаасаа бууж, Венесуэл улс ардчилсан тогтолцоот улс болох эсэх нь тодорхойгүй. Учир нь 2015 оны парламентын сонгуулиар Венесуэлийн сөрөг хүчин Үндэсний Ассамблейн 167 суудлаас 109-т нь ялалт байгуулж, олонхи болсон ч тэд өнөөдөр ямар ч эрх мэдэлгүй, жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр юу ч хийж чадахгүй байдалтай байна. Харин хууль тогтоох засаглалын бүрэн эрхийг өөрийн гартаа оруулсан ерөнхийлөгч Николас Мадуро гол өрсөлдөгч, сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлесийг улс төрийн албан тушаал хаших эрхийг нь 15 жилээр хориод байгаа билээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж