Сүүлчийн хааны ордонд нэвтрэхүй

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Сүүлчийн хааны ордонд нэвтрэхүй

“NEWS” агентлаг “Миний хотын түүх” булангийнхаа анхны дугаараар VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав буюу Чойжин ламын сүм музейгээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан.

Харин энэ удаа VIII Богд Жавзандамба хутагт буюу Монголын хамгийн сүүлчийн хааны ордон музейг түүхэн барилгуудын нэгээр онцолж байна. Он цагийн уртад хуучирч, гундсан ч сүрдэм уран нарийн хийцээрээ гайхуулах Богд хааны ордон музей. Хот доторх хот болсон олноо “Ногоон ордон” хэмээн нэрлэгддэг Богд хааны ордон музейгээр хамтдаа аялцгаая.


БОГДЫН ОРДНЫ ГАЗРЫГ “ӨНДГӨН СҮРГИЙН БЭЛЧЭЭР” ХЭМЭЭСНИЙ УЧИР

Богд хааны ордон музей нь Туул, Дунд голын хооронд байрлах аж. VIII Богд Жавзандамба хутагтын эзэмшлийн энэ газрыг “Өндгөн сүргийн бэлчээр” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд рашаан булаг элбэгтэй, өвс ургамал сайтай энэ нутагт зөвхөн Богд хааны мал сүрэг л бэлчдэг байжээ. Ийн Богд хааныхаа мал сүргийг өндөг шиг энхрий сүрэг хэмээдэг байснаас үүдэн ард түмэн “Өндгөн сүргийн бэлчээр” гэж нэрлэх болсон. 

1912 оны Богд хааны Ногоон ордон гэрэл зургийг англи дэслэгч Чарьлз Бинстийд

Сүм хийдийн газрыг шинжихдээ өндөр сэрүүн дэнж, үер усанд автахааргүй газрыг эрж хайдаг тухай газрыг шинжих монгол сударт тусгайлан дурдсан байдаг. Богд хааны ордон музейн газар нь үхрийн өвчүү хэлбэртэй бөгөөд орчил хэсгээсээ өндөрлөг газар ажээ. Тэртээ Их хүрээнд аюулт үер буухад Богдын ногоон ордон л ганцаар далайд хөлөг онгоц хөвөх лугаа ус хэдэн талаар нь садран урсаж байсан гэх яриа ч бий. 

Ямпай хаалга

Амгалан-Энхийн хаалга

МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАСАН ОРДОН

“Билгийг хөгжүүлэн бадруулагч” хэмээх Богд хааны Ногоон ордон буюу Богд хааны ордон музейг 1893-1903 онд VIII Богд Жавзандамба хутагтад зориулан барьсан түүхтэй. VIII Богд Жавзандамба хутагт нь 1869 онд Түвдэд мэндэлсэн бөгөөд хоёр настайдаа Богдоор тодорч, 1874 онд Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн.

Одоогийн Богд хааны ордон музей нь Зуны мөргөлийн долоон сүм болон Өвлийн ордон гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд, дорно дахины монгол хийц бүхий бурхны шашны мөргөлийн Махранзын, Зээгт наамлын, Танка /уран зургийн/, Эрдэм итгэмжит буюу Найдан, Олон бурхдын, Номын сангийн, Лаврин гэсэн долоон сүм, европ маягийн хоёр давхар цагаан байшингаас бүрдэнэ.

Мөн музейн урьд талд Халхавч буюу Ямпай хаалга, ямба ёслолын үеэр ордог байсан Асарт гурван хаалга, Монголын Улсын тусгаар тогтнолыг бэлгэдсэн Амгалан-Энхийн хаалга, тугны хоёр багана зэрэг байх аж.

Эдгээрээс Амгалан-Энхийн хаалгыг онцолъё. Уг хаалгыг YIII Богд хааныг Монголын төр шашныг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн дурсгалт үйл явдалд зориулан бүтээжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тусгаар тогтнолын хаалга юм. Амгалан-Энхийн хаалгыг урлахдаа найман тулгуур баганан дээр долоон давхар дээвэр хийсэн бөгөөд нэг ч хадаас хэрэглэлгүйгээр 108 төрлийн оньсоор угсарч барьсан, уран нарийн хийцтэй хаалга аж.

Богд хааны хаш чулуун бичгийн хэрэгсэл

БОГДЫН ДӨРВӨН ОРДНООС БҮРЭН БҮТЭН ҮЛДСЭН ЦОР ГАНЦ ОРДОН

Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Төрийн шар ордон, Цагаан ордон, Хайстайн лаврин, Ногоон ордон гэсэн дөрвөн ордонтой байв. 

Цагаан ордон нь одоогийн Нэгдүгээр цахилгаан станцын орчим, Төрийн шар ордон нь Хүүхдийн урлан бүтээх төвийн орчим, Хайстайн лаврин нь Удирдлагын академийн орчимд байсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үеэр бүгд устан үгүй болжээ. Харин түүний Ногоон ордон бүрэн бүтэн үлдсэн цор ганц ордон нь аж.

“Богд хааныг жанч халсны дараа 1925 онд Засгийн газраас тусгай комисс томилж, түүний эзэмшилд байсан үлэмж их эд зүйлс, урлаг соёлын дурсгалуудыг дуудлага худалдаагаар ард иргэдэд зарсан байдаг. Үүний дараагаар Ардын намын төв хороо, Засгийн газрын 1926 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн, Богдын өвлийн ордонд улсын музейг өргөтгөн байгуулах шийдвэр гаргасан байна. Монгол улсад шинэ цагийн улсын музей 1924 онд байгуулагдсан. Ийнхүү 1926 онд Монгол улсын сүүлчийн эзэн хааны голомт шинэ цагийн Улсын музей болсон юм” хэмээн тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш тайлбарлалаа.

Тус ордон ногоон вааран дээвэртэй байснаас үүдэн ард олны дунд “Ногоон ордон” хэмээн нэрлэгдсээр иржээ.

Богд хааны амьтны чихмэлийн цуглуулгаас

Богд хааны амьтны чихмэлийн цуглуулгаас

БОГДЫН БОР ЗААНЫГ ӨНДӨР ГОНГОР АРЧИЛДАГ БАЙЖЭЭ

Богд хааны тэжээж байсан заан нь Оросын циркт тоглодог байсан бөгөөд 1913 онд Монголын язгууртнууд Орост айлчлах үедээ 22 мянган рублиэр худалдаж авч байжээ. Тэрхүү зааныг Монголын хил хүртэл уурын тэргээр зөөж, Богд хааны зуны ордон хүртэл хөлөөр нь алхуулсаар найман сарын турш аялуулж авчирсан байна. 

Ийн халуун орны заан Монголд 1913 онд ирээд, 13 жил амьдарсан бөгөөд Богдын бор зааныг өндөр Гонгор арчилдаг байжээ. Мөн түүнд гурван гэлэн тусалдаг байж. Өндөр Гонгор нь хоёр метр 45 см өндөртэй хүн байсан учраас зааны нурууг нь угаах, хувцсыг нь өмсүүлдэг байжээ. Архивын баримтад дурдсанаар Богд хааны бор заан нь өдөрт 22 ширхэг мантуу, гурван жин шар тос, хоёр шанага улаан чавга иддэг байсан тухай тэмдэглэжээ.

Богдын бор заан туслах гурван гэлэнгийн хамт

Богдын бор зааны өмсгөл

Богд хааны урчууд заанд зориулан гоёлын малгай, их биеийн өмсгөл урласан бөгөөд Богд хаан баяр ёслолын үеэр зааныг хувцаслан, унадаг байсан гэдэг. Халуун орны заан Монголд амьдрахдаа өвлийн улиралд тусгай галлагаатай байранд байрлуулдаг байсан бөгөөд зуны улиралд Хайстайн лавринд зусдаг байжээ. 

Мөн Богд хаан нь одоогоос 116 жилийн өмнө буюу 1901 онд Монголд байдаггүй, нэн ховор амьтдын 200 гаруй чихмэлийг Германы Гамбург хотод захиалан хийлгэжээ. Түүний амьтны хүрээлэн бүхий танхим нь Ногоон ордон буюу одоогийн Богд хааны ордон музейн нэг давхарт шалан дээр ил байрладаг байжээ. Богд хааны амьтдын чихмэлийн цуглуулга дотор Амазонийн хуягт зараа, шоргоолж идэштэн, залхууч зэрэг нэн ховор, сонин содон амьтад ч байсан бөгөөд 78 хувийг шувуу эзэлдэг байжээ. Одоо тус музейд 271 ширхэг ан амьтны чихмэл байгаа аж. Мөн цагаан баавгай, аварга могой, анааш зэрэг амьтдын чихмэлүүд ч музейн сан хөмрөгт хадгалагдаж буй талаар тайлбарлагч бүсгүй хэлж байна. 

Богд хааны алтан утастай, сувдан хээтэй хүрэм

Богд хааны суман модоор урласан оньсон ор

САН ХӨМРӨГИЙНХӨӨ 13 ХУВИЙГ Л ОЛОНД ТАНИЛЦУУЛДАГ

Тус ордон музейн 8000 гаруй үзмэртэй. Гэхдээ нийт сан хөмрөгийнхөө 13-хан хувийг олон нийтэд дэлгэн сонирхуулдаг ажээ. Харин үлдсэн 87 хувийн үзмэрүүдээ сар бүр сэдэвчилсэн үнэ төлбөргүй үзэсгэлэнгээр дамжуулан олны хүртээл болгодог байна. 

Энэ талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш ярихдаа “Ер нь түүх соёлыг хайрлан дээдэлдэг ард түмэн түүх дурсгалт газрын эргэн тойронд өндөр байшин барьдаггүй. Гэтэл манай иргэд тал талд өндөр байшин бариад л, газрыг нь авах асуудал гарсаар байна. Мөн сэргээн засварлалтын ажлыг дахин эрчимтэй хийх шаардлагатай байгаа. Манай улсад түүх соёлын дурсгалт уран барилгыг засварлах технологи байхгүй. Энэ бол бидний хамгийн том бэрхшээл болж байна” хэмээн учирлав.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Асарт гурван хаалга, Монголын орны тусгаар тогтнолыг бэлгэдсэн Амгалан-Энхийн хаалга, тугны хоёр багана

Гол хаалган дээр

Богд хааны хэрэгсэл байсан эд зүйлс

Богд хааны хэрэгсэл байсан эд зүйлс

Богд хааны тамганы хуулбар

Богд хааны ирвэсийн арьсан олбогтой сэнтий

Багадаа тоглож байсан монгол гэр

Морин дамнуурга

Өнөөгийн Богд хааны ордон музейн бүтэц, зохион байгуулалт

150 ширхэг ирвэсийн арьсан бүрээстэй гэр

Өндөр гэгээн Занабазарын урласан бүтээлүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж