Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай урьдчилан тохирсон хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
Энэ хүрээнд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага нь юу вэ, хөтөлбөр хэрэгжсэн цагт эдийн засагт ямар үр дүн гарах вэ, анхаарах асуудал нь юу вэ гэдэгт эдийн засагчид, УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой”
-Гарцаагүй нөхцөл байдал үүссэн учраас Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Хариуцлагагүй байдал ийм байдалд хүргэсэн.
Татвар нэмэх орчин бүрдээгүй байгаа учраас Засгийн газар эдийн засгийг сэргээх, тогтворжуулах арга хэмжээг яаралтай авах ёстой. Өнгөрсөн жил Засгийн газар УИХ-аар Эдийн засгийг сэргээх, тогтворжуулах хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.
“ОУВС-гийн хөтөлбөрөөс буцах газар байхгүй”
-ОУВС-гийн хөтөлбөрөөс эргэж буцах газаргүй. Үүнээс илүү таатай боломж олдохгүй. Засгийн газар сонголтоо хамгийн боломжтой хувилбараар нь хийсэн гэж харж байгаа. Бүх хүнд таалагдах таатай нөхцөл угаасаа олдохгүй.
Татварыг нэмэх нь таатай биш ч төсвийн өндөр алдагдлыг бууруулах, гадаад зах зээлээс босгосон бонд, зээлийн төлбөрийн хүүгээ цаг хугацаандаа төлөх, улс орны эдийн засгаа дампуурлаас аврахын тулд ОУВС-гийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй гэдгийг хаа, хаанаа маш сайн ойлгох ёстой.
Дээр нь эдийн засаг яагаад ийм хүнд байдалд оров гэдэгт бодитой дүгнэлт хийх ёстой.
Та бидний сонгосон улстөрчид улс орныг хөгжүүлнэ гэж босгосон мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулж, үрэлгэн хандсанаас ийм алдаанд хүргэсэн. Хямралаас гарахын тулд татвар төлөгчдийнхөө нуруун дээр ачаа үүрүүлэх болж байгаа нь улстөрчдийн хариуцлагагүй үйлдлээс бий болсон хохирлыг яагаад ард түмэн үүрэх ёстой юм бэ гэдэгт л байгаа юм. УИХ төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ зардлыг бууруулах талд маш сайн ажиллах хэрэгтэй.
“ОУВС-гийн хөтөлбөрийг үр дүнтэй ашиглах ёстой”
-Монгол Улс хөгжих ёстой. Хөгжихийн тулд эдийн засгийн сууриа бат бөх тавих ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийг энэ өнцгөөр ашиглах хэрэгтэй. ОУВС муухай юм гэж харж болохгүй. Бусад улс орнууд эдийн засаг нь хүндрэхэд энэ байгууллагыг ашигладаг.
Яагаад гэвэл энэ байгууллагын үндсэн зорилго нь хямарсан эдийн засаг руу орж, санхүүгийн болоод мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлтгэгдсэн байгууллага. 1944 оноос хойш 60 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бэлтгэгдсэн байгууллага, үүнийг бид маш сайн ашиглах ёстой.
УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна, ямар ч хүн өөр дээрээ ирэх татварын ачааллыг үүрэхэд дургүй л байна. Гэхдээ сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хаана орлого их байна, тэнд татвар тавигдаж байх ёстой. Татварын үндсэн шударга зарчим нь тэр. Орлоготой багатай газар бол бага хэмжээний орлого тавигдаж байх ёстой.
2017 оны төсвийн тодотгол дахь орлогын өсөлтийг харах юм бол орлого өндөр хэсэг дээрээ татварын ачааллыг нь илүү өгч байгаа. Орлого багатай дийлэнх дундаж давхарга болон түүнээс дооших иргэд дээр ирж байгаа ачаалал бол тийм өндөр биш. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Манай улсын нийт төсвийн 80 хувь нь урсгал зардал, 20 хүрэхгүй хувь нь гадаадын зээл тусламжаас орж ирэх эх үүсвэртэйгээ нийлээд хөрөнгө оруулалт болоод явдаг. Гэтэл урт хугацааны хөгжлийн асуудал бол хөрөнгө оруулалтаар шийдэгддэг. Богино хугацааны иргэдийн ахуйтай холбоотой асуудал урсгал зардлаар шийдэгддэг гэж хэлж болно. Харьцаа нь зохистой төвшинд биш байгаа. Тэгэхээр Засгийн газар аль болох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урсгал зардлыг буруулахад анхаарах ёстой.
ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх нь чухал. Тэр цагт санхүүгийн сектор эрүүлжинэ, захиргаа талдаа нэлээд хэмжээний хуульд өөрчлөлт орж, засаг талдаа халамжийн үргүй зардал үүсгээд байгаа зүйл хязгаарлалтад орно гэсэн хүлээлт бий.
Үр ашиггүй ажилладаг төрийн өмчийн обьектыг хувьчлах төлөвлөгөөгөө Засгийн газар оруулсан. Өгөөжтэй үзүүлэлт гарна гэж найдаж байна. Гол нь энэ бүхэн нэг өдөр ганцхан далайлтаар шийдэгдэхгүй гурван жилийн хугацаанд гарах үр дүн гэдгийг бас бодолцох ёстой.
“Засгийн газрын алхмыг дэмжиж байгаа”
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 440 сая ам.долларыг авчирч, төлбөрийн тэнцлийн алдагдлыг хаах, валютын нөөцөө нэмэгдүүлэх нь зөв алхам. Засгийн газрын энэ алхмыг дэмжиж байгаа. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гэж байгаа 3,3 тэрбум ам.долларын эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана гэж байгааг мөн дэмжиж байгаа. Улс төр хийх биш, яг бодит тоон дээр төсвөө ярихыг уриалж байна.
Анхаарах зүйл бас байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар орж ирэх гэж байгаа 3 тэрбум гаруй ам.долларын зарцуулалтыг харахад 1,6 тэрбум ам.доллар нь урсгал зардал, үлдсэн 1,5 тэрбум ам.доллар нь төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулагдана. Энэ 1,5 тэрбум ам.доллар гэдэг чинь бид нарын яриад байгаа Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгө. Энэ хэмжээний мөнгийг бид төслүүд рүү оруулах гэж байна. Энэ хэмжээний мөнгийг шингээх төслүүд байгаа юу гэдгийг давхар бодолцох ёстой.
“ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй”
Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн сахилга бат алдагдаж, төрийн өмчит компаниуд үр ашиггүй ажиллаж, өрийн удирдлагын тухай хууль хэрэгжээгүй, арилжааны зээлийг үр ашиггүй зарцуулсан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болгож байна.
“Татварын баазыг нэмэгдүүлэх хэрэгтэй”
ОУВС-гийн хөтөлбөрт орох нь буруу биш. Орж байна гээд шүүр шанага шиг байгаа эдийн засгийн тогтолцоог засаж чадаагүйгээр хэчнээн мянган юм авлаа буцаад гарах вий гэдгийг анхаарах ёстой. Засгийн газар байгуулагдсанаас хойш ярьсан зүйл бол санхүүгийн сахилга бат.
Хэмнэлтийн горимыг барьж ажиллахгүй байна. Ийм юман дээр хэмнэлт гаргая, ийм ийм нөхцөлийг сайжруулахад эдийн засаг дээшлэх юм гэдэг төлөвлөлтөө гаргалгүйгээр гаднаас хөтөлбөр аваад хямралаас гарах уу.
Наад зах нь татварын баазыг нэмэгдүүлбэл хүндрэлээс гарах боломж бий. ОУВС зөвлөлөө ч гэсэн авах юм аа аваад, дотооддоо эмх цэгцээ сайжруулах юм нь байх ёстой.
Тэгэхээр дотооддоо төсвөө сайжруулах талдаа эрчимтэй ажиллаад Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах боломжоор хангах ёстой л гэсэн байр суурьтай байна.
Бэлтгэсэн Г.ДАРЬ