Дугуйн замыг хааж хашаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Дугуйн замыг хааж хашаа барьжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Нийслэл хүрээ” гудамж буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн дугуйн замыг хааж, хэд хэдэн байгууллага барилга барьжээ. Тодруулбал, 364 дүгээр байр, “Хэм Рояал” ХХК болон “Олонлог” академийн барилгын хашаанууд нь дугуйн замыг тэг дундуур нь хаажээ. Зуу орчим метр хаагдсан дугуйн замаар дугуйтай зорчих нь эрсдэл дагуулсаар байгаа тухай гомдол манай редакцид ирсэн тул бид газар дээрээс нь сурвалжиллаа.

Бидний уулзсан эхний хүн бол “Олонлог” академийн менежер А.Тэмүүлэн. Тэрбээр хэлэхдээ “Манайх гаднах тохижолтоо засахаар 2016 оны хавраас барилгын ажлаа эхлүүлсэн. Энэ сардаа багтаж засварын ажил дуусна. Барилгын ажил явагдаж байгаа учир аюулгүй байдлын үүднээс түр хашаа татсан байгаа. Барилгын ажил дуусмагц явган хүний болон дугуйн замыг бүрэн гүйцэд нээж, засварлан хүлээлгэж өгнө” гэлээ. Харин тус сургуулийн хажууд байрлах “Хэм Рояал” ХХК барилгын даргатай уулзаж тодруулах гэсэн боловч гадаад явсан гэсэн шалтгаанаар тодорхой хариулт хэлсэнгүй. Өөрийгөө нарийн бичиг нь гэж танилцуулсан залуу “Манайх дугуйн зам хаагаагүй. Энэ талаар яриа өгөхгүй” хэмээн цааргалж байлаа.

Мөн 364 дүгээр байрыг барьж ашиглалтад оруулсан “Эрх” барилгын компанийн захирал Ц.Алтантулгаас дугуйн замыг яагаад хаасан талаар хэлж утсаар лавлахад “Уул нь бол хашаа барьдаг ном журам байхгүй. Тус барилга нь одоо “Эмжи” сууц өмчлөгчдийн холбооны бүрэн мэдэлд байгаа. Манайх барилга барьж өгсөн учраас цаадах нарийн ширийнийг мэдэхгүй. СӨХ яагаад хашаа барьсныг ч мэдэхгүй. Хашааг нь буцааж буулгаад дугуйн зам тавихад болохгүй зүйл байхгүй” гэсэн юм. Харин “Эмжи” СӨХ-ы ажилтан Д.Цэрэннадмид “Манай барилга баригдаад хоёр жил гаруй болж байна. Барилга анхнаасаа кадастрын зургийн дагуу ингэж баригдсан. Энэ дугуйн зам барилга баригдсаны дараа буюу ACEM-ийн уулзалтын өмнөхөн тавигдсан” гэсэн хариулт өглөө.

“Нийслэл хүрээ” гудамжны дугуйн замыг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны захиалгаар өнгөрсөн оны хавар хийж гүйцэтгэсэн. Хариуцсан мэргэжилтэнтэй уулзах гэсэн болов ч ажил дээрээ байхгүй байлаа. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 орчим километр дугуйн зам байдаг. Энэ мэтчилэн дугуйн замыг хааж хашаа хатгасан, зорчих хэсгийг хаасан газар харьцангуй цөөн байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас тодруулахад “Ямар ч барилга барихад явган хүний зам, авто замын зорчих хөдөлгөөнийг эвдэхгүйгээр барих үүрэгтэй байдаг. Шинээр баригдсан барилга нь эхний гурван жилийн хугацаанд тухайн хэсгээ хариуцаж, эвдрэл гэмтлийг шийдвэрлэх ёстой. Энэ жил хотын төсөвт унадаг дугуйн зам барихаар нэг тэрбум төгрөг тавигдсан. Үүгээр хотын төвийн хэсэгт 100 гаруй километр шинэ дугуйн зам барихаас гадна эвдэрч гэмтсэн хэсгийг засна” гэлээ.

Дээр дурдсан Нийслэл хүрээ гудамжны барилгууд нь дугуйн зам тавигдахаас өмнө нь ашиглалтад орсон. Гэвч барилгын талбай нь зохион байгуулалтын зурагт зааснаас илүү газарт хашаа барьсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас буулгаж, нураахыг шаардах эрхтэй юм байна.

Г.БАТТҮШИГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж