Балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сангаас “Spirit of Ballet” тоглолт зохион байгуулах гэж байна. Монголын балетын урлагийн холбоотой хамтран зохион байгуулах тус гала тоглолтын онцлог нь Монгол ба Өмнөд Солонгосын өсвөрийн балетын бүжигчид хамтдаа нэгэн тайзнаа гарах юм. Тоглолт дөрөвдүгээр сарын 19, 20-нд болох ажээ.
Гала тоглолтод балетын урлагаар хичээллэж байгаа 12-20 насны хүүхэд, залуус оролцож, Өмнөд Солонгосын туршлагатай, алдартай залуу оддын хамтлагтай туршлага солилцох юм.
Хүүхэд залуучуудад сонгодог урлагийн системтэй боловсрол олгох, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчин, мөн урлагт хайртай, балетын урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой гэж тоглолтыг зохион байгуулагчид онцолж байна.
Тоглолтод оролцох Өмнөд Солонгосын баг нь 18-аас доош насны балетын бүжигчдийг эгнээндээ нэгтгэсэн улсдаа цорын ганц балетын урлагийн байгууллага болох “БНСУ-ын өсвөрийн балетын одод” гэх компани ажээ.
Тус компани 2012 онд байгуулагдсан, БНСУ даяар авьяаслаг бүжигчдийг олох, ялангуяа нийслэл хот Сөүлээс алс, боловсрол, мэдээллээс зайдуу орших дүүрэгт нуугдсан авьяастнуудыг нээн илрүүлэх нь тэдний гол зорилго байжээ. Байгуулагдсан цагаасаа бүжигчид нь Голландын Үндэсний балетын академи, Штутгарт дахь Жон Крэнкогийн сургууль, Нью-Йоркийн Жеффри академи гээд дэлхийд нэр нь түгсэн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн суралцаж эхэлсэн байна.
С.ЦЭЛМЭГ