УИХ-ын намрын чуулганаас эхлэн гацаанд ороод байсан Оффшорыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан гаригт /2017.04.07/ хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа.
УИХ-аар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд зарчмын ямар өөрчлөлт орсон талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
-Оффшорыг зохицуулах тухай хуулийн төсөлд нэлээд том өөрчлөлт орчих шиг боллоо. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39742 албан хаагч болон түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд хөрөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө болон, хөдлөх хөрөнгө худалдаж авах, данстай байх, мөнгөтэй байх, оффшор компанийн хувьцаа эзэмшихийг хориглох болж, өргөн хүрээг хамарч өөрчлөгдлөө. Тодруулж хэлбэл, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдаас гадна гэр бүл, төрөл төрөгсөд нь ч хамаарна гэсэн үг.
-Хууль батлагдсанаар оффшор бүсэд хувьцаа эзэмшдэг, хадгаламжтай, компанитай хүмүүс ямар үүрэг хүлээх вэ?
-Оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол мэдүүлгээ гаргаад, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, компаниа татан буулгах зэрэг үүрэг хүлээнэ.
-Хууль биелүүлэхгүй, зөрчвөл ямар хариуцлага тооцох юм?
-Албан тушаалаас нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авна.
-Оффшор бүс гэж юуг хэлэх вэ. Аль орныг хамруулах юм бэ гэдэг дээр гишүүд байр суурь зөрүүтэй байсан. Энэ асуудлыг яаж шийдэх юм?
-Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед оффор бүсийг Монголбанк, Сангийн яам тодорхойлоод Засгийн газар батлахаар болж, зааж өгсөн.
-Анх энэ төслийг өргөн мэдүүлэхэд зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдаа хамруулахаар заасан байсан. Гэтэл одоо гэр бүл, төрөл садан нь хамрах боллоо. Хэтэрхий өргөн хүрээг хамраад байх шиг?
-Үндсэн хууль болон холбогдох олон улсын эрхийн пакт энэ бүхэнд нийцүүлэх зорилгоор Засгийн газраас хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39742 төрийн албан хаагчид хамаарахаар оруулж ирсэн. Байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд өөрчлөгдөж, зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалтан болох 300 гаруй хүн, түүний гэр бүл байхаар зохицуулалт хийхээр болж, өөрчлөгдсөн. УИХ-аар өнгөрсөн баасан гаригт анхны хэлэлцүүлгийг хийх үед өргөн хүрээг хамруулахаар болж, өөрчлөгдсөн.
Г.ДАРЬ