УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр/2017.04.11/ болж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Концессын хуультай холбоотой гурван зөвлөмж авсан байна. Нэгдүгээрт, урьд өмнө хийгдсэн концесст аудит оруулах.
Хоёрдугаарт, Концессын хуульд өөрчлөлт оруултал барих, шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээ байгуулахгүй байх.
Гуравт, концессын гэрээгээр ажил эхэлсэн бол зогсоох гэсэн шаардлага тавигджээ. Тиймээс энэ төрлийн ажил үндсэндээ зогссон гэж хэлж болох аж.
Харин Засгийн газраас Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ яамд бүр концессын гэрээгээр хийх ажлын саналаа Сангийн яаманд хүргүүлж, зөвшөөрөл олговол ажил нь эхэлдэг байхаар заасан аж.
Одоогийн хуулиар хуучин Аж үйлдвэрийн яаманд концесс төвлөрч байсан, одоо бол Үндэсний бодлогын хороонд шилжиж ирсэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөр сайд бүр концессын ажил хэрэгжүүлдэг болоод эхэлбэл замбараагүй юм руу орно. Ерөнхий сайдын харьяанд байх Үндэсний бодлогын хороо концессыг хариуцаад явах ёстой. Ингэж байж, цэгцэрнэ. Ийм учраас Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах ёстой” гэсэн санал гаргасан юм.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын тайлбараар бол Концессын хуулийг буцаавал Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй болно. Ийм учраас хуулийг хэлэлцэх шатанд асуудлыг шийдээд явах боломжийг эрэлхийлэх ёстой” хэмээн үзэв.
Гэвч Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва саналаа татан авахгүйгээ мэдэгдэн санал хураалгахад гишүүдийн 88.9 хувь нь “Хуулийн төслийг буцаах шаардлагагүй” хэмээн үзэж, санал өглөө.
Иймээс Засгийн газраас оруулж ирсэн Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үргэлжлэн хэлэлцэгдэх болж байна.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.
Г.ДАРЬ