Далай ламын хойд дүр эмэгтэй байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүр эмэгтэй байх уу?

Дараагийн Далай лам эмэгтэй хүн байж магадгүй гэж Түвдийн ард түмний оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээн XIV Далай лам айлджээ.

Энэтхэгийн зүүн хойд нутгаар зочилж яваа тэрбээр өнгөрсөн бямба гаригт /2017.04.09/ Таванг тойрогт очих үедээ ийнхүү айлдсан байна. Таванг хотын Таванг хийд 1863 онд Далай ламыг тодруулсан газар ажээ.

Далай ламын дараагийн дүр хаана төрсөн байж болох талаар Дээрхийн гэгээн мэдэж, харсан зүйл байхгүй хэмээгээд, Далай ламын хойд дүр эмэгтэй хүн байж болох уу гэсэн асуултад “Тийм зүйл болохыг үгүйсгэхгүй” гэж хариулсан байна.

Өдгөө нас сүүдэр 81 хүрсэн XIV Далай ламыг залгамжлах хойд дүрийг тодруулах асуудал сүүлийн хэдэн жилд нэлээд маргаан дагуулж байгаа. Бээжингийн зүгээс дараагийн Далай лам Хятадад төрнө гэж үздэг. Харин энэ асуудлаар Далай лам “Хятад эхлээд хойд дүр тодруулах эсэх шашны асуудлыг цэгцтэй, ойлгомжтой болгох хэрэгтэй” хэмээжээ.

Мөн тэрбээр Далай ламын хойд дүрийг тодруулах эсэхийг буддын шашинтнууд өөрсдөө шийдэх хэрэгтэй гээд, “Энэ уламжлалыг үргэлжлүүлэх, эсвэл зогсоохыг тэд шийднэ” гэж айлдсан байна.

Тэрбээр Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн Таванг тойрогт долоо хоногийн хугацаатай зочилж буй бөгөөд тэндхийн түвд иргэдтэй мөн уулзаж буй ажээ.

Далай лам Гималайн нуруун дахь Энэтхэгийн мэдлийн нутагт аялж яваа нь Түвдийн оюун санааны удирдагчийн хойд дүрийг тодруулах нууц санаа, зорилготой гэж Хятадын удирдагчид дургүйцлээ илэрхийлсэн юм.

Харин Далай лам өөрийгөө улс төрийн үйл хэрэгт ямар ч оролцоогүй, Түвдийн орогнолын Засгийн газар Түвдийн хэргийг хариуцдаг гэж хэлжээ.

“Би 2011 онд улс төрөөс бүрмөсөн холдсон. Улс төрийн бүхий л үйл хэргийг манай орогнолын Засгийн газар хариуцдаг. Гэхдээ миний бие Түвдийн ард түмний соёл уламжлалыг сахин хадгалж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй” гэсэн байна.

Дээрхийн гэгээн XIV Далай лам болон түүнийг дагалдагчид 1959 онд Түвдээс дүрвэн гарсан цагаас хойш Гималайн нуруун дахь Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа юм. Хятадын эрх баригчид Түвдийн орогнолын Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй, 2010 оноос хойш Далайн ламын төлөөлөгчидтэй ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй ажээ.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: NBCNEWS.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж