Хязгаарлалтын бүсийн айлуудад тараах зуухыг дахин хямдрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Хязгаарлалтын бүсийн айлуудад тараах зуухыг дахин хямдрууллаа

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг эрчим хүчний сайд болон нийслэлийн агаарын чанарын албаныхан өчигдөр зөвлөлдлөө. Намрын нар наашилж, өвөлжилтийн асуудал хаа хаанаа ярьж байгаа цаг учраас. Өвөлжилтийн бэлтгэл гэхээр хэн хүнгүй Улаанбаатарын өвлийн утаа, униар санаанд орж байгаа биз дээ. Яг энэ асуудлыг тэд ярилцсан юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож бүсэд орших айл өрхүүдийг татаастай үнээр боловсруулсан түлш болон Монголын мянганы сорилтын  сангаас санхүүжүүлж буй сайжруулсан зуухаар хангах хуваарийг баталсан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулгын өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогийн зөвлөх, Үндэсний хорооны гишүүн Л.Эрхэмбаяр, Үндэсний хорооны гишүүн, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Р.Мягмар болон холбогдох мэргэжлийн албадын дарга нар  долдугаар сарын 19-өөс 25-ны хооронд боловсруулсан түлш нөөцлөх агуулахуудын нөхцөл байдал, түлшний шинжилгээний лабораториуд, Агаарын чанарын мэргэжлийн албадын үйл ажиллагаа, ММС сангийн “Цэвэр агаар” төслийн сайжруулсан зуухны тараалтын байдал, ТЭЦ 2ТӨХК болон Дархан, Түнхэл тосгонуудад үйл ажиллагаа явуулж байгаа түлшний үйлдвэрүүдтэй газар дээр нь танилцжээ.

Энэ оны зургаагаас долдугаар сард нийтдээ зургаан мянга 710 тонн боловсруулсан түлш нийлүүлэх ёстойгоос өчигдрийн байдлаар Нийслэлийн агаарын чанарын алба /НАЧА/-ны агуулахад 845 тонн түлш хадгалагдаж байна.  Түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд худалдан авч тухайн компаний борлуулалт, маркетинг, түгээлт, агуулахын асуудлыг бүрэн шийдэж өгч байхад зарим компаниудын түлшний нийлүүлэлт хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрсэн.

Тухайлбал, “Тара” ХХК, “Хайрхан буянт” ХХК, “Хүслэн-Өлзий” ХХК-иудын гэрээний биелэлт хангалттай төвшинд байна. Харин “Голден блейз” ХХК, “МонТосХС” зэрэг байгууллагууд нь зарим тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгын ажил дуусаагүй байгаа тул гэрээнд заасан үүргээ зөрчсөн байжээ. “Шарын гол-Энерго” ХХК-ний хувьд Шарын голын уурхайгаас авч буй нүүрсний жижиг ширхэгтэй нүүрсний хэмжээ их байгаа болон төмөр замын асуудал хүндрэлтэй байна. Өнөөдрийн байдлаар тус компани нь 500 гаруй тонн хагас коксийн нөөцтэй бөгөөд 25 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин “Нако түлш” компани нь брикетлэх машин дутагдалтай, тохируулгын ажил дуусаагүй, түүхий нүүрсний нөөц байхгүй байгаа тул гэрээгээ биелүүлэх найдвар байхгүй гэж үзжээ. Иймээс цаашид гэрээгээ цуцлах, шүүхэд хандах хүртэлх арга хэмжээг авах хэрэгтэй гэлээ.

Монголын Мянганы Сорилтын сангийн “Цэвэр агаар ” төслийн дагуу хийж байгаа сайжруулсан зуухны тараалтын явц туйлын хангалтгүй байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн нийт долоон хороонд 6-9 дүгээр сарын хооронд 15 мянга 800 зуухыг худалдан борлуулах төлөвлөгөөтэй боловч өнөөдрийн байдлаар 700 гаруй зуух борлуулаад байна гэлээ. Мөн иргэдийн  идэвхи санаачлага сул, бэлэнчлэх сэтгэлгээтэй,  болж өгвөл бүхнийг үнэгүй авах хүсэлтэй хүмүүсийн тоо их байгаа нь агаарын чанарыг сайжруулах ажлын үр дүнд муугаар нөлөөлж байгаа ээж. Мянганы сорилтын сан зөвхөн Чингэлтэй дүүрэгт биш зуух нийлүүлэх бусад дүүргүүдэд зэрэг ажиллах шаардлагатай байна. Тиймээс энэ ажлаа эртхэн эхлэхийг санууллаа.

Харин Монголын мянганы сорилтын сангаас  энэ сарын 15-нд Сүхбаатар дүүрэг, ирэх сарын 1-нд Баянгол, аравдугаар сард Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд тус тус зуух тарааж эхлэх гэнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулга  “Аравдугаар сард цаг агаар хүйтрэхэд айл бүр зуухаа тавьсан байх шаардлагатай. Гэтэл ийм үед зуух тараах гэж байгааг шүүмжлээд, зуух ажлыг хурдасгах шаардлагатай гэж санууллаа.

Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр иргэдэд тарааж байсан Турк зуухны үнийг дахин бууруулж 75 мянган төгрөгний зуухыг 25 мянга, 250 мянган төгрөгний зуухыг 50 мянган төгрөг болголоо. Гэхдээ хүмүүс амарч дуусаад ажилдаа орох цаг нь дөхөж байгаа учраас зуухны худалдан авалт нэмэгдэж байгаа гэлээ. Хэрэв хязгаарлалтын бүсэд байгаа өрх шаардлага биелүүлэхгүй бол айлыг нүүлгэх хүртэл шийдвэр авна гэж байгаа. Гэхдээ иргэдийг айлгахаасаа өмнө агаарын бохирдлыг бууруулж, энэ нь бидэнд хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй гэлээ.

Хэрвээ цаашид коксон болон үртсэн түлш үйлдвэрлэгчдийн ажил  ийм байдлаар үргэлжилвэл Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших  айл өрхүүдийг хагас коксон болон үртсэн шахмал түлш болон сайжруулсан зуухаар хангаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулах үндсэн зорилт мөрөөдөл болон хувирах нь ээ.

Ажил хариуцаж байгаа албан тушаалтан бүр, нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүр хариуцлагатай байж, ажлаа уялдуулж, шаардлага тавьж, хариуцлага тооцож байж утаанаасаа салцгаах сан даа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж