Сошиалд дургисны төлөө ажилгүй болсон улстөрчид

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Сошиалд дургисны төлөө ажилгүй болсон улстөрчид

Өнөө цагт улстөрч, дипломатууд болон нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид өөрсдийн байр сууриа олон нийтэд хүргэхийн тулд сошиал ертөнцийг ашиглах болжээ.

Үүнийг хамгийн сайн хэрэгжүүлж чадсан хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп юм. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа сошиал медиаг давуу талаа болгож чадсанаар Хиллари Клинтоныг ялсан гэж үздэг.

Гэхдээ сошиал сурталчилгааны талбар хүн болгонд найрсаг ханддаггүй.

Сошиал ертөнц дэх эрх чөлөөнөөс болж Швейцарьт суугаа Чехийн элчин сайд Карел Борувка ажлаасаа халагдсан байна. Түүний эхнэр Алена Борувкова  Twitter хуудаснаа өөрийн хамт олон, улстөрч болон сэтгүүлчдийг шүүмжилдэг байсан нь Элчин сайдыг ажлаа өгөхөд хүргэжээ.

Чехийн Элчин сайд Карел Борувка “Надад ажлаас халагдах ямар ч шалтгаан байхгүй. Эхнэрийнхээ сошиал сүлжээнд хэт их идэвхтэй байгааг би хориглож чадахгүй. Энэ тухайгаа би Гадаад хэргийн сайддаа мэдэгдсэн нь намайг ажлаас халах үндэслэл болсон юм байна” гэжээ.

Өөр нэг жишээ. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч асан Саманта Пауэр өөрийн Twitter хуудсанд мэдэгдэл хийсний улмаас албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин өөд болох үед харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Гэвч сошиал хэрэглэгчид түүний энэ жиргээг шүүмжилж,  “урвагч” хэмээн буруутгажээ. Үүний хариуд Саманта Пауэр “The New York Times” сонинд Оросын Засгийн газрыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саад болсон тухай хэд хэдэн нийтлэл бичиж, оросуудыг шүүмжилсэн юм. Гэсэн ч энэ нь түүнийг албан тушаал дээрээ тогтож үлдэх боломж олгосонгүй.

АНУ-ын конгрессын гишүүн Стивен Финчерын хэвлэлийн төлөөлөгч Элизабет Лотен Барак Обамагийн охидын бие авч яваа байдлыг Facebook хуудсаараа шүүмжилж, тэднийг бааранд байгаа мэт хувцасладаг гэжээ. Энэ пост араасаа хэдэнтээ шүүмжлэл дагуулж, Элизабет Лотен сэтгэгдлээ устгаж, уучлалт гуйсан ч тусыг эс олжээ.

Цагаан ордны ахлах ажилтан Жофи Жозеф цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийг хянадаг. Гэвч тэр twitter хуудсаараа NatSecWonk  хаяг дор Америкийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд түгээжээ. Улмаар NatSecWonk хуудас алдартай болж, улстөрч, сэтгүүлчид хүртэл идэвхтэй уншдаг болсон гэнэ.  Тэр уг хуудсаараа дамжуулан АНУ-ын төрийн нарийн бичиг Жон Керри, Үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн зөвлөхийн орлогч Бен Родс, Аляскийн Засаг дарга асан Сара Пэйлин болон тус улсын урдаа барьдаг ихэнх улстөрчдийг шүүмжилдэг байсан нь эцэстээ доромжлол гэж үзэхэд хүргэжээ.   

Жозеф энэ талаар “Америкийн засаг захиргааны ажлын дутагдлыг илрүүлэх гэж байсан” хэмээн тайлбар тавьж, олон нийтээс уучлалт гуйсан ч ажлаасаа чөлөөлөгджээ.

АНУ-ын конгрессын гишүүн Энтони Вайнер сошиал ертөнцөд өөрийн хагас нүцгэн зургаа түгээсэн нь олон нийтийг цочирдуулжээ. Тэр “Өөрийнх нь хуудсыг хакердсан” гэж мэдүүлсэн ч хожим нь “хэрэг”-ээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцорчээ. Энтони Вайнер энэ явдлын дараа сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж эхэлсэн байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж