Хятад, Монголын найрамдалт харилцааны үр дүнд нээгдэж байгаа арьс ширний үйлдвэрийн нээлтийг өнөөдөр /2017.04.04/ “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин нар оролцсон юм.
Баянхонгор аймагт БНХАУ-ын Элчин сайдын яамнаас олгосон 200 мянган юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд нэхий, ямааны арьс боловсруулах үйлдвэрийн байгуулаад байна. Аймгийн төвөөс гадна зургаан сумдад төхөөрөмжийг шийдэж өгчээ.
Арьс, нэхийний үйлдвэр нь өдөрт 200 ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай. Мөн энэхүү үйлдвэр баригдсанаас ажлын байр нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон ахиц гарч байгааг онцолж байв. Цаашид хоёр орны эдийн засагт хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлог болж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЗАНДАНШАТАР
Баянхонгор аймагт арьс нэхийний үйлдвэр байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сумуудад жижиг цехийг ажиллуулж эхлүүллээ. Цаг хугацааны боломж нөхцөлөөс шалтгаалаад үйлдвэр дээр очин нээлтийг хийж чадсангүй. Энэхүү арьс нэхийний үйлдвэр нээгдэж байгаа нь олон давуу талтай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн саналыг малчид, хөдөлмөрчид дэвшүүлж байсан. Энэ саналыг үндэслэн аймгийн Засаг дарга болон Засгийн газар, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч байна. Арьс, ширийг орон нутагт боловсруулж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн хятадад гаргах давуу талуудтай. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын талд талархаж байна. Хоёр орны эдийн засаг, тэр дундаа арьс, шир, мах боловсруулах үйлдвэр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИН
Эрхэм хүндэт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргал болон уригдан ирсэн зочид та бүхэнд талархал илэрхийлье. Хаврын сайхан энэ өдөр Баянхонгор аймагт нээгдсэн үйлдвэрийн нээлт болж байгаад баяртай байна. Хятад, Монгол орон сайн найз, сайн түншийн хувьд байнгын харьцаатай байдаг. 2014 онд Си Жин Пин дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалаар дамжуулан хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байна. Баянхонгор аймагт буцалтгүй хөрөнгө оруулалтаар арьс, нэхийний үйлдвэрийг барьж, ашиглалтад орууллаа. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү Баянхонгор аймаг дахь арьс, нэхийний үйлдвэрийн нээлтийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Ч.БОЛОР