УИХ-ын дарга Ховдод ажил, амралт хослуулангаа нааш нь албан мэдээ дамжуулж парламентын сайтыг амилуулж буй. Цөөхөн хэдэн гишүүн Төрийн ордноо эргэж, гадаад дотоодын зочин хүлээн авч байна. Харин УИХ-ын Тамгын газрынхан л эрхэм гишүүдийн батлах хууль, хийх ажлын бэлтгэлийг хангах гэж амьсгаа дээгүүрхэн сууж харагдана. Бас Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн Хууль сурталчлах албаныхан мэдээ, мэдээллээ бэлтгэж, ток шоугаа хөтөлж завсаргүй ажиллаж, хэлтсийн ажилтан Ш.Отгонцэцэг, Б.Цэвэлмаа нар хамгаалалтын хэдэн ажилтны хамт гадаад, дотоодын зочдыг Төрийн ордноор аялуулах гэж цай оочих завгүй явна. Сонгууль дөхсөн болохоор эрхэм гишүүдийн урьсан залсан гийчид Төрийн ордонд урт дараалал үүсгэж, социализмын үеийн Лениний мавзолейн оочероос дутахгүй юм болж байна. Урьд өмнө ингэдэггүй л байсан даа. Энэ жилээс сонгогчдодоо Төрийн ордон үзүүлэх гэж гишүүд уралддаг болж. Зарим нь ороод гарсан сонгогчдоо ордны хоолоор дайлж, дугтуйтай юм атгуулж үзэгддэг юм билээ. Сонгуулийн сурталчилгаа нэг иймэрхүү болжээ.
За тэгээд бусад талаар бол Төрийн ордон налгар тайван байна даа. Засгийн газар энэ сарын эхний өдрөөс хагас сарын хугацаагаар “амралт” авав. Осол зэхий, олныг хамарсан өвчин эмгэг, гамшиг тохиохгүй бол засаг энэ сарын 15 хүртэл хуралдахгүй гэдгээ хэлчихлээ. Ерөнхий сайд өвлийн бэлтгэлд нэг их хамааралгүй таван сайдтайгаа амрахаар явжээ.
Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Засгийн газрын голомтыг сахиж, “амрахгүй” хэмээн ам тангараг өргөсөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарын хамт арын алба залгуулж сууна. Амраагүй сайд нар яам яаман дээрээ тухалж, тус бүрийн хариуцсан асуудлаар хааяахан мэдээлэл хийсэн шиг байгаа бололтой.
Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Энэтхэгийн Ерөнхийлөгчийн үдэж өгөөд жаахан амьсгаа уужирч байна. Энэ сарын сүүл, дараа сард Шведийн Ерөнхийлөгч айлчилна гэсэн сураг гарсан. Бас БНСУ-ын Ерөнхийлөгч ирэх гэж байна гэсэн дам яриа дуулдсан. Ямар ч гэсэн бас л энэ сарын 15 хүртэл налайх бололтой.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд хэд хэдэн жижг нам нийлж “Сүүдрийн парламент” байгуулснаа зарлаж, өнгөрсөн сарын сүүлээр “Авлигачидтай тэмцэнэ. Хуучин цагийн албан тушаалын хэргүүдийг сөхнө” гэж ойрхон хэд мэдэгдээд бас таг болчихлоо.
Ингээд улс төрийн их завсарлага эхэлж нохойн дуу цаашилж байтал УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр чимээ өгдөг юм байна. Ажин түжингийн дунд нэлээд чанга хоолой зассан шүү. МАХН-ын төв штаб байсан “Монгол хэвлэл” компанийн дэргэдэх байраа “Хамуг Монгол” хэмээх эвслийн “гэр” болгочихож. Тавантолгойг гадаадынханд өгүүлэхгүй, эх нутагтаа цөмийн шаар булуулахгүй, авлигач нартай тэмцэнэ, ард түмнийхээ эрх ашгийг хамгаална гээд Ц.Шинэбаяр гишүүн зөндөө олон амлалт өглөө, сонгогч бидэнд. Иргэний хөдөлгөөнд цоо шинэ өнгө нэмнэ гэдгээ тунхагласан. Ингэхдээ МАХН-ын дэд даргаас татгалзсанаас биш МАХН-аас гараагүй гэдгээ батлав.
Яг тэр цаг мөчид МАХН-ын дарга Н.Энхбаярын бие чилээрхэж Сөүлд хагалгаанд орж байсан үе л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр яаралтай эмчилгээ хийлгэх шааардлагатай болж долдугаар сарын 31-нд БНСУ-ыг зорьж, наймдугаар сарын 1-нд шинжилгээ хийлгээд 2-нд мэс засалд оржээ. Их үдийн 12.30 цагт хагалгаанд орохтой нь зэрэгцээд Ц.Шинэбаяр гишүүн мэдээлэл хийх зар тарааж, МАХН-ын нөхөд нь түүнд “МАХН-ын дарга мэс засалд орж байхад ганц өдөр өнжөөд мэдээллээ хийхгүй юү. Бас хүний бие тааруу байхад МАХН-ын түр штабын байрныхаа нэрийг солиод яах нь вэ” гэж зөвлөөд бараагүй гэнэ. “Миний мэдээлэл хийх хэн нэг хүнээс хамаарахгүй. Би Н.Энхбаярын рейтингийг өсгөх гэж МАХН-д орсон хүн биш” гээд хэвлэлийн хурлаа зарласан байгаа юм. “Өөр нам байгуулсан ч миний эрх” гэдгээ бас шударгаар мэдэгдсэн.
Улстөрчдийн гүн амралт дунд Ц.Шинбаяр гишүүн ингэж нэг чимээ өгөх шив. Гоц гойд тохиолдол л гарахгүй бол нэг хэсэгтээ ийм дүлий дүмбэ байх янзтай. Есдүгээр сараас эрхэм улстөрчид дараагийн сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орно. Тэр болтол найр наадам хэсэнгүүт аман ухуулгаа хийнэ ээ бас. Шөвгийн хэдэн бөхийн бай, түрүү морины шагнал, цэц мэргэчүүдийн гарын бэлэг дунд гишүүдийн сурталчилгаа, хэд гурван төгрөгтэй хавчуулаастай явж л байгаа вий. Их тулааны өмнө Төрийн ордон чих амрав. Харин хөдөө айраг, боодог, хорхог, шорлогтой сонгуулийн сурталчилгаа “мөлхөж” явна.