Киргизийн иргэнийг дэлбэрэлтэд сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Киргизийн иргэнийг дэлбэрэлтэд сэжиглэж байна

Санкт Петербург хотын метроны буудалд гарсан алан хядах ажиллагаанд холбоотой хүмүүсийг эрэн сурвалжилсаар байна. Хэргийг мөрдөж байгаа багийн таамгаар амиа золиослогч үйлдсэн байх магадлалтай ажээ. Дэлбэрэлт болсон газраас олдсон хохирогчдын цогцсонд хийсэн эхний дүн шинжилгээгээр Казахстан улсын иргэн, 22 настай Максим Арышев байж магадгүй гэж байсан ч энэ таамаг нотлогдоогүй хэмээн Interfax мэдээллээ. Санкт Петербургийн Эдийн засгийн их сургуульд сурч байсан Максим Арышев хэрэг үйлдэгч биш хохирогч хэмээн Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Нургали Билисбеков мэдээлсэнийг Interfax эш татжээ.

Нургали Билисбеков Астана хотноо өнөөдөр /2017.04.04/ өглөө болсон Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг шалгасан талаар мэдээлэл хийжээ. “Петербургийн террорист үйлдэлд Казахстаны иргэн Арышев Максим Витаольевич холбоотой гэдэг нь нотлогдсонгүй” хэмээн мэдэгджээ.  

Харин Киргизэд төрсөн ч ОХУ-ын иргэншилтэй хүн хэрэгт хамаатай байж магадгүй гэдгийг Киргизийн албаны хүн мэдэгдсэнийг Interfax дамжууллаа.

“Санкт Петербург хотын метронд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болсон террорист халдлагад Киргизэд төрсөн, одоо ОХУ-ын харъяат болсон хүн хамааралтай байж магадгүй. Бид ОХУ-ын тусгай албатай холбоотой ажиллаж байна” хэмээн Киргизийн Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Рахат Сулайманов мэдэгдлээ.

Киргизэд төрсөн Акбаржон Жалилов нь метроны хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа ажээ. Одоо 22 настай тэрбээр Петербургт амьдраад зургаан жил болж байгаа бөгөөд түүний Daewoo Nexia машиныг эрэн сурвалжилж байна. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар Жалилов “Площадь Восстания” буудалд дэлбэрэх бөмбөгөө үлдээгээд дараа “Сенная площадь” буудлаас “Технологический институт” буудал руу хөдөлсөн цуваанд байсан бөмбөгийг ажиллуулсан гэж таамаглаж байгаа ажээ.

Хяналтын камерын бичлэгт дүрс нь үлдсэн Башкирийн нэгэн иргэнийг мөн сэжиглэн шалгасан ч тэрбээр хэрэгт холбогдолгүйгээ нотолж чаджээ.

Санкт Петербург хотын метронд болсон дэлбэрэлтийн улмаас 11 хүн нас барж, 50 орчим хүн шархдаад байгаа юм.

Санкт Петербург хотноо гурав хоногийн гашуудал зарлаад байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж