Цагаан хэрэмний цаанаас аврал дуулдах нь уу

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Цагаан хэрэмний цаанаас аврал дуулдах нь уу

Грек зэрэг Европын холбоонд багтах хэд хэдэн орны санхүүгийн хямралын талаар  дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэгч томоохон “тоглогч” нар өөрсдийн байр сууриа илэрхийлж бодлого саналуудаа ил тод хуваалцан, харилцан зөвлөлдөж эхэлсэн билээ. Гэтэл дэлхийн эдийн засгийн хоёрдогч том гүрэн болох Хятад улс Европт үүсээд байгаа хямралын талаархи өөрсдийн байр суурийг огт дэлгэхгүй байгаа нь бусад зонхилогч гүрнүүдийн хувьд цаашдын “нүүдлээ” хийх баримжаа авахад нь саад болж байгаа ажээ.

Бельгийн эдийн засгийн сэтгүүлд дурдсанаар бол Европын хямралын талаархи Хятадын байр суурийг тандаж мэдэхэд төвөг учруулж байгаа хоёр зүйл байгаа ажээ.  Эхнийх нь Хятад улс өөрийн асар их хэмжээтэй валютын нөөцийн талаархи дүн мэдээгээ огт мэдээлэхгүй байгаа явдал юм. Хэдийгээр Хятадын валютын нөөцийн талаар олон янзын дүн мэдээ гардаг боловч тэдгээр нь бодитой бус гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ. Тэр дундаа Хятадын өөрийн эх сурвалжуудын мэдээллүүд бүр ч дэгс байдаг гэжээ. Тиймээс олон улсын эдийн засгийн шинжээчид Хятадын албан ёсны тоо баримтыг олж үзэхийг хүсч байгаа аж. Гэвч Хятад улс эдгээр тоо баримтыг улсын нууц хэмээн ил зарлахыг хүсэхгүй байгаа хэрэг. Хэдийгээр Хятадын санхүү мөнгөний бодлогын “Цагаан хэрэм” олон чухал баримтуудыг халхалж нууцалж байгаа ч олон улсын шинжээчид ямар нэг байдлаар сонирхолтой зарим баримтыг олж авсан гэнэ. Тухайлбал Хятад валютынхаа нөөц дэх еврогийн хэмжээг улам бүр нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээллийг авсан гэж шуугиж эхлэх болов. Энэ бол зүй тогтлоороо бол байж болох л зүйл аж. Учир нь ам.долларын хэт хамааралд санаа нь зовж байгаа Хятадын удирдлагууд энэ нөлөөллийг саармагжуулахын төлөө бололцоотой бүхнийг хийх нь ойлгомжтой. Үүний дээр хятадууд АНУ-ын удирдлага ам.долларын ханш чангарахаас сэргийлэн бэлэн мөнгөний нийлүүлэлтээ ихэсгэн ханшийг бага үзүүлэлттэй барих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг байнга шүүмжилсээр ирсэн юм. Ийм нөхцөлд Хятад улс валютын нөөцдөө еврог ихээхэн хуримтлуулах нь Нэгдсэн улсын зүгээс ам.долларын ханшийг барьж байх бодлого явуулж байгаа хөтөлбөрийн эсрэг хийж байгаа дорвитой алхам болж болох аж. Үүний зэрэгцээ хятадууд АНУ-ын мөнгөний бодлогын шүүмжлэлдээ бусад томоохон гүрнүүдийг ч нэгтгэхийг чармайж байгаа юм.

Тухайлбал, саяхан Германы төв банкныхантай уулзсаныхаа дараагаар Хятадын Ардын банкны төлөөлөгч өөрийн сайтад мэдээлэхдээ германчууд ч мөн америкчуудын мөнгөний бодлогыг шүүмжилж байна гэж дурдсан гэнэ. АНУ-ын удирдлагаас ам.долларын ханшийг доогуур байлгахыг хичээн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь зах зээл дээрхи хэт их нийлүүлэлтийн эрсдэлийг дэмжсэн бодлого болж байна гэж Германы банкны эзэд үзэж байгаа тухай тэрээр онцолжээ.

Гэвч нөгөө талаар Хятад валютын нөөцөө евро болон иенээр түлхүү “дүүргэж” байгаа гэх мэдээллийг үгүйсгэсэн өөр баримт ч Европ болон АНУ-ын зарим хэвлэлд гарсан аж. Энэ оны эхээр АНУ-ын Сангийн яамны зүгээс гаргасан дүн шинжилгээгээр бол хятадууд валютын нөөц дэх ам.долларын хэмжээгээ танах биш харин ч нэмэгдүүлсээр байгаа гэжээ.  Хятадууд ам.долларыг юаниар худалдаж авсаар байгаа нь Хятадын экспортлогчдыг баярлуулж байгаа аж. Учир нь ингэснээр АНУ-ын талаас юанийн ханшийг өсгөхийг шаардах шаардлагыг нь сулруулж ам.долларын ханшийг бууруулахад нь саад болж байгаа гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ онд ч хятадууд дээрх арилжааг үргэлжлүүлсээр байх аж. Тэгэхдээ хятадууд ам.долларыг голчлон гуравдагч орнуудын зах зээл дээрээс зуучлагчдаар дамжуулан худалдан авч байгаа юм байна. Зарим мэдээллээс үзэхэд энэ ажиллагаа Лондон болон Гонконгод эхлээд цаашлаад Канад, Сингапур мөн Тайландад болдог аж. Тэгэхдээ одоо бол Лондон болон Гонконг америк өрийн бичгүүдийн худалдан авдаг гол наймаачдын тоонд багтахаа байсан аж. Энэ нь хятадууд өрийн бичгээр ам.доллар худалдаж авахаа больж харин юаниар худалдан авч байгааг гэрчилнэ. Нөгөө талаар  хятадууд ч ам.долларын арилжааны зуучлагчдаа ч сольсон байж болох аж.

Мөн үүний зэрэгцээ Европын банкууд Европын орнуудын өрийн бичгийг идэвхтэйгээр худалдаж эхлэх болсон байна. Тэгэхээр Европын санхүүгийн хямрал оргил цэгтээ хүрэх үед Хятад тус тивийн орнуудын өрийн бичгийг худалдаж авах байдал үүсч ч болох аж. Хятад одоогоор энэ асуудалд маш болгоомжтой хандаж байгаа бөгөөд харин санхүүгийн хямралд өртөөд байгаа Газар дундын тэнгисийн орнууд зээлжих чадвараа бэхжүүлэхийн тулд Хятадын оролцоог нэмэгдүүлэхийг чармайж байгаа бололтой. Гэвч нөгөө талаараа Европын өрийн бичгүүдийг Хятад улс худалдаж авах найдлага баттай байгаа эсэхэд хэн ч хариу өгч чадахгүй байгаа юм. Ингэснээр Европын орнуудын хувьд өнөөдөртөө ус агаар шиг хэрэгтэй байгаа гол зээлдүүлэгч хэн болох нь тодорхойгүй үлдэж байгаа бөгөөд энэ нь тус тивийн зах зээлийн эмзэг байдлыг улам ч нэмэгдүүлж байгаа аж.

Тэгээд ч Европын орнуудын өрийн бичгийг  худалдан авах талаар Хятадын байр суурь тодорхой биш байгаа нь тус улсаас гарч байгаа мэдээллийн харилцан зөрөлдөөнтэй байгаагаас ч харагдаж байгаа аж. Энэ бол Хятадын асуудалд хандаж байгаа бодит санааг тааж мэдэхэд саад болж байгаа хоёр дахь шалтгаан юм.

 Хятадын удирдагч нар албан ёсоор мэдэгдэл хийхдээ Европын өрийн бичгүүдийг худалдан авч хямралд орсон орнуудад дэмжлэг үзүүлнэ гэж байгаа ч бусад эх сурвалжуудынх нь мэдээлэл болон мэдэгдэл үүнийг няцааж байгаа юм. Хэдийгээр Хятадын Засгийн газар санхүүгийн хямралд нэрвэгдээд байгаа Грек, Португаль болон Унгар улсуудын төлөөлөлтэй хоёр талын гэрээ хийх үеэрээ Европын орнуудын өрийг худалдан авна гэж мэдэгдсэн хэдий ч тус улсын олон нийтийн төлөөлөл энэ мэдэгдлийг няцааж байгаа аж.

Хятадын нэрт эдийн засагч Юй Юндин энэ талаар мэдэгдэхдээ Хятад улс Европын орнуудын өрийн бичгийг худалдаж авна гэдэг бол мөнгөө салхинд хийсгэснээс ялгаа байхгүй зүйл болно гэж хэлжээ. Тэрээр мөн энэ оны эхнээс мэдэгдэл хийж одоогоор Европын орнууд санхүүгийн хямралаас гарах гарц харагдахгүй байна гэж зарлаж байсны дээр Хятадын валютийн нөөцөд байгаа ам.долларын хэмжээ хэтэрхий их болсон гэж шүүмжилж байсан нэгэн юм.

Мөн Хятадын санхүү банкны хүрээлэнгийн мэргэжилтэн Сяньжүн мэдээлэл хийх үеэрээ зөвхөн улстөрийн дэмжлэг гэдэг үүднээс Европын орнуудын өрийн бичгийг маш бага хэмжээгээр худалдан авахыг санал болгож байгаа гэнэ. Тэгвэл Хятадын Хөдөө аж ахуйн банкны эдийн засагч Хэ Цичэнь эрх барригчиддаа хандан одоо нэгэнт худалдан авчихаад байгаа Европын орнуудын өрийн чигийг  яаралтай зарахыг санал болгосон байна. Ингэснээр эдгээр өрийн бичгийн үнэ ханш огцом унах аюулаас мултарч болох юм гэжээ.

Түүний болгоомжилж байгаагаар бол одоогоор Хятад болон Япон улсууд хямралд нэрвэгдээд байгаа Европын орнуудыг өр зээлийн “далайд” хараахан живүүлчихэлгүй барьж байгаа бөгөөд нөхцөл байдлыг түр зуур ийнхүү аргацааж байх зуур Европын томоохон банкууд тэдгээр орнуудын өөрсдөдөө байгаа өрийн бичгийг зарж борлуулан ашиггүй байдлаас өөрсдийгөө салгаж авна гэж тэрээр тооцоолсон байна. Тэдгээр Европын томоохон банкуудад Грекийн нийт өр зээлийн 40 хувь нь байгаа бөгөөд тэднийг ийнхүү өрийн хямралаас зугатаж байх зуур Хятадын нуруун дээр буух Грек зэрэг орны хямралаас үүдэлтэй дарамт улам бүр нэмэгдэх гэнэ. 

Хятадын зүгээс Европын орнуудын санхүүгийн чадварт эргэлзэх байдал улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын бие даасан үнэлгээний агентлаг болох Дагүн агентлагаас гаргасан чансаагаар бол санхүүгийн чадварын дээд үзүүлэлт болох ААА гэсэн ангилалд  Дани,  Норвеги болон Швейцари улсууд л Европ тивээс багтсан байна. Харин Герман улс Хятадтай адилаар АА гэсэн ангилалд багтаж байгаа бол Европын арван гурван орон АА ангиллаас мултарч доод хэсэгт оржээ. Хятадын энэ агентлаг олон улсын бусад үнэлгээний агентлагтай харьцуулахад улс орнуудын чансааг илүү “хатуу” дүгнэсээр иржээ. Мөн Дагүн агентлагаас дэлхийн 59 орны өрийг жагсаахдаа ч бусад агентлагуудтай харьцуулахад чансааг нь хамаагүй доогуур үнэлж байрлуулсан байдаг аж.

Италийг хүртэл эдийн засгийн чансааны тааруухан ангилалд оруулж байгаа Хятад улс Европт болж байгаа хямралд хэрхэн хандах талаараа туйлын болгоомжтой авч үзэж байгаа нь ойлгомжтой. Хэрэв тэд Европын орнуудын өрийг худалдаж авахгүй бол өөрийн худалдааны гол түншүүд буюу Европын холбооныхонтой харилцаагаа муутгана гэсэн үг болж байна. Ингэхгүйгээр тэдний хүсэн хүлээж байгаа өрийн бичгийг нь худалдаж авах алхам хийвэл гарч болох эрсдэл нь цаашид зөвхөн Хятад ч биш дэлхий нийтийн эдийн засагт ч доргион үүсгэж болох учир тэдний хувьд шийдвэр гаргахад улам бүр л хэцүү болж байгаа биз ээ. Чухам тиймээс л Цагаан хэрэмний цаанаас дуу ч гарахгүй байгаа бололтой.     

М.НАСТ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж