Гэрэл сүүдрийн завсар: Ассадын отгийн эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Гэрэл сүүдрийн завсар: Ассадын отгийн эмэгтэйчүүд

Рамадан сарын өмнө Сирийн арми Хама хотноо өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж, нэг өдрийн дотор 100 гаруй хүн амиа алджээ. Хувьсгал эхэлснээс хойш газар сайгүй Ассадын отгийн тухай яриа өрнөж байна. Яагаад ямар янзаар тэд засгийн эрхэнд үлдэж чадна вэ? Энэ гэр бүлийн эрчүүдийн тухай Башар, түүний ах дүү нар, авгийнх нь талаар олон ч судалгаа дүгнэлтийн материалуудтай танилцсан. Гэтэл отгийн эмэгтэйчүүдэд нь хэн ч анхаарлаа хандуулахгүй байгаа юм… Башарын эх Аниса Махлуф ба түүний дүү эмэгтэй Бушра нар улс орондоо ихээхэн нөлөөтэй. Les Martiennes эдгээр эмэгтэйчүүдийн талаар сонирхжээ.

Батлагдаагүй мэдээгээр Сирийн тэргүүн хатагтай Асма Ассад төрж, өссөн Англидаа иржээ. Түүнийг Сириэс явахад эсэргүүцлийн хөдөлгөөн биш хадам ах Махерынх нь түрэмгий араншин нөлөөлсөн гэсэн цуу яриа Франц дахь Сирийн нийгэмлэгт аль эртнээс дэгдээд байна. Үүний үнэн мөнийг одоо тогтоох боломжгүй байгаа бөгөөд энэ нь Ассадын гэр бүлийн эмэгтэйчүүдийн тухай материалын чанарт ч нөлөөлж буй хэлье. Цуу ярианы хилийн цаана хоосон орон зай байгаа юм. Үнэн баримт олж авах боломж бараг үгүй. Гэхдээ л тэд маш их нөлөөтэйг бараг баталгаатай гэж хэлж болно. Хөшигний ард бодит засаглал нь тэдний гарт байх магадлалтай.

Аниса: Нөлөө бүхий бөгөөд үл мэдэгдэх эх

Тэднээс хамгийн бие даасан нь  эргэлзэх зүйлгүйгээр  Башарын эх 1980-аад оноос хойш олны өмнө үзэгдээгүй Аниса Махлуф мөн. Хафез Ассадын бэлбэсэн эхнэрийн тухайд бол тэрээр таван хүүхэд төрүүлснээс том хүү Басель нь 1994 онд автын ослоор, дунд хүү Бенжамин Мажед 2009 онд тус тус нас барсан. Гэсэн ч түүний нөлөөг анхаарахгүй орхиж үл болно. Тэрээр нөхөрт гарсныхаа дараа Махлуфын гэр бүл түүний нөхрийг засгийн эрх авахад нь дэмжиэ шинэ дэглэмд стратегийн байр суурьтай болсон юм. “Түүний үеэл ач “Сирийн ван” хочтой Рами Махлуф гэр бүлийнхээ хөрөнгийн даамал. Аниса олны амнө харагддаггүй нь хүмүүжлийн асуудал, гэр бүлийн хосын амьдралын хэм хэмжээ байсан юм” хэмээн “Ойрхи Дорнод: хэрэглээний заавар” (Moyen-Orient mode d’emploi) номыг зохиогч бөгөөд Сирийн асуудлын мэргэжилтэн Анес Леваллуа (Agnиs Levallois) тайлбарлаж байна.

Өнөөдөр ч Сирид эх хүн ихээхэн нэр хүндтэй эхийн эрхт ёсны нийгэм­лэг хэвээр байна. Гэр бүлийн хүрээнд маргаан сөргөлдөөнийг шийдэх шийдвэрлэх үг нь эхийнх байдаг.  “Хафез Ассадын эх Наиса Ассад олон тооны албан ёсны зурагт ард түмний эх гэж тавигдсан байгаа” гэж VII Парис их сургуулийн нийгэм судлаач профессор ба “Ойрхи Дорнодын бодлого дахь эмэгтэйчүүд” (Femmes et politique au Moyen-Orient) номыг бүтээгч Соня Даян Эрзбрун (Sonia Dayan Herzbrun) ярьж байна. Түүний хүүгийн чандар байгаа сүмийг мөн эхийнх нь нэрээр нь нэрлэсэн. “Нийгмийн байр суурь, шашин шүтлэгээс нь эмэгтэйчүүдийн статус хамаардаг. Харин Сирийн хувьд эмэгтэйчүүдийн элит байгаа гэж хэлж болно. Сирид 1950 онд л эмэгтэйчүүд нь сонгох сонгогдох эрхтэй болсон ч удирдах албан тушаалд сонгогдож болно гэдгийг бүгд шахуу мартсан байгаа” хэмээн Соня Даян Эрзбрун тайлбарлав. Гэр бүлийн зөвлөл дээр Анис хамгийн чухал үгийг хэлнэ. Тэрээр сөргөлдөөнийг зохицуулж, гэр бүлийнхээ эв нэгдлийг барихыг хичээдэг. Энэ нь улс түмнийхээ эв нэгдлийн төлөө байна гэсэн үг юм. Сирийн хувьсгалыг дэмжих үндэсний эв нэгдлийн улс төрийн газрын тэргүүн Ваэль аль-Хафез дараах зүйлийг батлан ярьж байна. “Шийдвэрийг Башарын гэр бүлийн хүрээнд гардаг. Үүнд ах Махер, эгч Бушра,  түүний нөхөр Асеф эль-Шавкат, авга ах Мухаммед Махлуф, үеэл ах Рами Махлуф нар оролцдог. Гэсэн ч эцсийн үгийг Анис хэлдэг” гэжээ. Францад 25 дахь жилдээ сууж байгаа тэрээр уг зөвлөлдөөнд хааяа хааяа тэргүүн хатагтай Асмаг оруулдаг гэлээ.   

Асма: дэглэмийн өнгөн царай

Асма Ассад (одоо 41-тэй) нь нөхөр шигээ найдлага төрүүлсэн нэгэн байжээ. Өөрсдийнх нь хэлс­нээр орчин үеийн гэх энэ хосын гэрлэлтийг олон хүн нээлтэй бай­дал руу хийсэн алхам хэмээн хүлээн авч байв.  Асма тус оронд илүүтэй тархсан суннитийн исламд хамрагддаг бол Ассадын гэр бүл нь алавизмыг шүтнэ. Алавизм нь хүн амын 10 хувийг хамарсан байгаа. Түүний үүрэг нь бүрэн тодроогүй ч Асма нөхөртөө зарим асуудлаар нөлөөлж чаддаг гэнэ. “Хувьсгалын асуудлаар тэрээр үгээ хэлнэ гэж хүлээж байсан миньь талаар болов. Палестин хүүхдүүдийг хамгаалахаар үгээ хэлж байсан мөртлөө сири хүүхдүүдийг хамгаалах талаар үг дуугарсангүй” хэмээн сири гаралтай, Урлагийн түүхийн факультетын оюутан Лейла Алауф өгүүлэв.

Саяын үйл явдал хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд алдартай тэргүүн хатагтай дотоод, гадаад сайн нэртэй байв. Царайлаг, залуу, стиль сайтай тэргүүн хатагтай, Иорданы хатан хаан Раниягаас дутахааргүй байв. Арван жилийн дотор ерөнхийлөгчийн эхнэр энэ дэглэмийн үлгэр нь болж чадсан юм. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард  “Vogue” сэтгүүл Асмагийн тухай магтсан материал бичсэн байснаа үймээн гарч эхлэх үеэр дуулианд орон сайтаасаа уг материалаа татан авч байлаа. “Цөлийн сарнай” гэж нэрлэгдсэн  Асма Ассад улсынхаа пиарыг бий болгоход чухал үүрэгтэй байсантай маргаад хэрэггүй хэмээн Анес Леваллуа хэлэв. Facebook дэх түүний шүтэн бишрэгчдийн тоо 100 мянга орчим хүн болдог.
Гэсэн хэдий ч Сирийн дипломатуудын охин, Лондонд өссөн энэ ажил хэрэгч эмэгтэй нэгэн сайхан өдөр Сирийн тэргүүн хатагтай болно гэсэн төсөөлж байсан гэж үү? Асма нөхөртэйгөө танилцсан 1990-ээд онд Харвардын их сургуульд суралцахаар шийдсэн байв. Тэр үед нүдний эмч болж байсан, эцгийн засгийг залгамжлах гээгүй Ассадын эхнэр болоод урван хүүхдийг нь төрүүлсэн юм. Башарын том ах Басель л засаг барих  ёстой байсан ч тэр автын ослоор 1994 онд өөд болж Башар, Асма хоёрыг тэргүүн эгнээнд гаргасан юм. “Хосууд өөрсдийгөө шинэчлэгч гэсэн имижтэй болгохоор  зүтгэсэн ч тэд өөрсдийг нь сонгосон системээс бүрэн хамааралтай байлаа. Асма Сирид хэд хэдэн соёлын төсөл биелүүлэх гэсэн боловч тэр нь юу  өгөв гэж.  Интернэтээс хэдэн зуун үхлийн төлөө үгээ хэлээгүйд нь дургүйцсэн олон бичлэгийг харж болно. “Сирийн эх” гэж өөрийгөө төсөөлүүлэх гэж байгаа энэ эмэгтэй хүмүүнлэгийн  үйл ажиллагааг сүүлийн үе хүртэл хийж байснаараа нэлээд нэр хүндтэй болсон юм.

Бушра: төрсөн эгч

Бушра (51 настай) нь Баша­рын цорын ганц эгч бөгөөд эц­гийн хайртай охин байв. Эм найруу­лаг­чийн мэргэжилтай бол­сон тэрээр улс орныхоо эмийн аж үйлдвэргийг удирдаж ирсэн. Хүч чадалтай эмэг­тэйн хувьд тэрээр зорилгодоо хүрэ­хийг ямагт эрмэлзэж  байсан юм. Жишээлбэл, тэрээр нөлөөгөө ашиглан 1984 онд төрийн эргэлт хийх гэсэн авга ах Рифаатыг шоронд хориулахыг нь эцгээрээ болиулж байв. Түүний гол ололт нь өөртөө таалагдсан эхнэртэй Асеф эль-Шавкатыг нөхрөө болсон ав­сан явдал. Өөрийнхөөрөө зүтгэн энэ холбоог дэмжихгүй байсан эцэг, том ахынхаа эсрэг зогсчээ. Догшин араншингаар алдартай  дүү Махер нь түүний нөхрийг саяхан ерөнхийлөгчийн ордонд буудсан. Харин тэднийг Бушра эвлэрүүлсэн болж таарав. Нөхрийнх нь байр суурь гэр бүлийн бусад гишүүдийн дунд нэг доошилж,нэг дээшилж байгаа нь Бушрагийн нөлөө гэлтэй. Ямар ч юм болсон тэрээр нөхрөө эргээд л гэр бүлийнхээ хүрээнд оруулж чад­даг. Бушра сүүдэрт байхыг эрмэлздэг бөгөөд цуу яриагаар бэрээ хэвлэлийнхэнтэй байнга холбоотой байдгийг дэмждэггүй гэнэ. Тэрээр дүүгээ  засаг барих хүчтэй биш “хяз­гаар­лагдмал” гэж үздэг ажээ. Эх шигээ камераас хол, олны өмнө гарахгүй байж чаддаг эмэгтэй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж