Нийтийн тээврийн шинэ үйлчилгээ жигдэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээ жигдэрчээ

“Өмнө нь автобуснаас мөнгөгүй гэж хөөгддөг байсан бол одоо мөнгөтэй гэж хөөгддөг болжээ” гэсэн шог яриа гарчээ.

Өнгөрсөн бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн хэрэгслүүд “U money” картаар үйлчлүүлэх болсонтой дээрх шог хамааралтай. 

Мөнгөний хайрцаггүй болж, иргэдэд картаар үйлчлэхээр шийдвэрлэсэн нийтийн тээврийн үйлчилгээ хэр үр дүн, алдаа оноотой байгааг сурвалжиллаа. Ингэхдээ бид МУБИС-ийн автобусны буудлаас автобусаар үйлчлүүлэхээр суулаа. 

Хотын төвд байршилтайгаас гадна оюутнууд өглөөнөөс оройг хүртэл тасралтгүй холхих энэ хэсгийн буудал автобус хүлээсэн иргэдээр дүүрэн. Үүнийгээ дагаад "U money" картын гэрээт цэгээр үйлчлүүлэх гэсэн хүмүүс өглөө, оройдоо дугаарлан зогсох нь нэмэгджээ. 

Худалдагч бүсгүй тун ч завгүй ажиллах бөгөөд бидний асуусан асуултад хариулах сөхөө ч бараг байсангүй, "Хаанаас зураг аваад байна. Өнөөдрөөс "U money" карт эргээд 3600 төгрөгөөр зарагдаж байгаа шүү. Хүн ихтэй байна" гэх зэргээр ажлынхаа хажуугаар ганц нэг хариулт хэллээ.

Энэ үеэр нэгэн залуу "Дамжиж суух үед картыг уншихгүй байх юм. Хоёр, гурван удаа ингэж байна" гэж өөрт нь тохиолдоод байгаа бэрхшээлээ хэлж, асуудал тавьж байв. 

13-р хороолол орохоор "ХМК-Офицеруудын ордон" чиглэлийн автобусанд суулаа. Жолооч орж ирсэн хүн бүрийг картаа дарж буй эсэхийг шалгаад, хаалгаа хаан хөдлөв. Түүнээс үйлчилгээний шинэ хэлбэрийн талаар санал, сэтгэгдлийг сонслоо.

Жолооч Х.Энхбаатар "Өдөртөө 2-3 хүн картгүй орж ирэх тохиолдол бол байна. Тэдгээр нь ихэвчлэн орон нутгаас орж ирсэн хүмүүс байх шиг байна. Дөрвөн сарын эхний өдөр бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэсэн иргэд олон байсан бол одоо бараг байхгүй болсон. Харин дамжин сууж болохгүй байна, карт уншихгүй байна гэж хүмүүс ярьж байгаа. Энэ нь өмнөх автобуснаас буухдаа картаа уншуулаагүйгээс болж байгаа юм" гэлээ.

Хэдийгээр зорчигчдын дийлэнх нь ийн автобусаар зорчих карттай болсон ч картын үлдэгдэл хүрэлцэхгүй байгаагаас болж олон хүн буцаж буудаг талаар тэрмөн ярив. 

13-р хороололд буумагцаа автобус хүлээн суугаа Увс аймгийн иргэн О.Баатархүүгээс картын үйлчилгээний талаар хэр мэдээлэлтэй байгааг нь сонсов. "Би тээврийн жолооч, хөдөөний хүн. Дөрөвдүгээр сарын 1-нд 3000 гаруй төгрөгөөр карт авсан. Карт нь хамаагүй амар юм байна. Түр карт авч болдог гэдгийг харин мэдээгүй” гэсэн юм.

МУБИС-ийн өмнөх буудалтай харьцуулахад 13-р хорооллын автобусны буудалд байрлах "U money" картын гэрээт цэг харьцангуй сийрэг байлаа. Худалдагч Н.Цэцэгмаа "Хоёр жил гаруй хугацаанд карт зарж, цэнэглэж байна. Өмнө нь сардаа 800 гаруй мянгаар цэнэглэдэг байсан. Саяхнаас зөвхөн картаар явдаг болсноос хойш өдөртөө гэхэд сая гаруй төгрөгөөр цэнэглэлт хийж байна. Карт цэнэглэгчийн мөнгө нь дуусчихвал ойрхон банк ороод мөнгө хийчихдэг учраас тасарна гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.

Карт борлуулж, цэнэглэж байгаа эдгээр цэгийн эзэд ашгийнхаа нэг хувийг авдаг. Зарим нэг сайн ажиллаж буй газруудад хоёр хувийн ашиг өгөх тухай яригдаж байгаа талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдээлж байсан билээ. 

Карт борлуулагч Н.Цэцэгмаагийнхаас автобусны картаа 500 төгрөгөөр цэнэглүүлсэн 1-р сургуулийн сурагч Д.Дашдондов бидэнтэй товч ярилцлаа. Тэрбээр “Би өнгөрсөн оны есдүгээр сард картаа авсан. Өмнө нь автобусны хайрцганд арай ч мөнгө урж хийж байгаагүй. Харин дутуу мөнгө хийж байсан тохиолдлууд хэд хэд байгаа” гэж шулуухан буруугаа хүлээв

13-р хорооллоос "Улаанхуаран – IV хороолол" чиглэлийн автобусанд суухад жолооч залуу тун сонирхолтой зүйлс дурьдлаа. Түүний хэлж буйгаар заримдаа иргэд гарах хаалганд байрлах төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн гомдлыг тавьж байгаа аж.

Энэ талаар жолооч Х.Ням-Осор "Арын төхөөрөмж үе үе унтраад байдаг. Эхэндээ гайхаад байсан чинь саяхан учрыг нь олсон. Бага, дунд ангийн хүүхдүүд төхөөрөмжийн доор байрладаг унтраах товчлуурыг буухдаа дарчихаад яваад өгдөг юм байна. Энэ хэд бүр аргыг нь олчихсон байгаа юм" гээд толгой сэгсрэв. Тэрбээр мөн адил бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэд бараг үгүй болсон, зорчигчдын үйлчилгээний соёл, жолооч нар хайрцагтай мөнгө харж, хэрүүл маргаан хийхгүй, ачаалал багассан гэдгийг онцолж байв. 

Юутай ч хэсэг хугацаанд хэл ам дагуулаад байсан асуудал нэг тийш болсон бололтой. Бэлэн мөнгөөр зорчих гэж маргадаг, нийтийн тээврээр мөнгө төлөхгүй явах гэдэг зорчигчид бараг үгүй болжээ. Иргэд ч автобусанд ямар нэг бухимдалгүй, тайван зорчдог болсон нь хэдэн буудал газар явахад илт анзаарагдаж байв. 

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж