ОХУ-ын Засгийн газар Санкт-Петербург хотод гурав хоногийн гашуудал зарлаад байна. Тус хотын метроны буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь насаа алдаж, 49 хүн бэртжээ. Амиа алдагсдын дунд Оросын залуу үеийн төлөөлөл болсон тамирчин, уран бүтээлчид байсан тухай албаныхан мэдэгдлээ. Санкт-Петербург хотын удирдлагууд амиа алдагсдын ар гэрт тус бүр нэг сая, хүнд бэртсэн хүмүүст 500 мянга, хөнгөн бэртсэн хүмүүст 250 мянган рублийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ОХУ-ын мөрдөн байцаах ажлын хэсэг тус халдлагыг үйлдсэн гэмт этгээдийн нэрийг өчигдөр /2017.04.04/ зарлалаа.
Гэмт этгээд Петербургын “Сенная” буудлаас “Технологический институт” буудал хүрэхээр зорчиж явсан галт тэрэгний орох, гарах хаалганы үүдэнд болон “Площадь Восстания” метроны буудалд хоёр дахь тэсрэх бөмбөгтэй цүнх байрлуулсан байна.
Мөрдөн байцаах албаныхан дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дундаас 22 настай Киргиз гаралтай ОХУ-ын иргэн Жалиловын биеийн нэг хэсгийг олсон гэдгийг мэдэгджээ. Гэхдээ Жалилов дээрх халдлага үйлдсэн эсэхийг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Дэлбэрэлт гарснаас хойш Санкт-Петербург, Москва хотын метро болон онгоцны буудлуудыг хамгаалалтад авч, аюулгүй байдлын шалгалт хийсний үр дүнд хоёр дахь тэсрэх бөмбөгийн олж, аюулгүй болгосон юм. Тэсрэх бөмбөг агуулсан цүнхнээс Жалиловын генетикийн ул мөр илэрсэн байна.
АКБАРЖОН ЖАЛИЛОВ ГЭЖ ХЭН БЭ?
Акбаржон Жалилов нь 1995 оны дөрөвдүгээр сарын 01-нд төрсөн. Киргиз гаралтай, ОХУ-ын иргэн. Тэрбээр их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан байсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар авто засварын төвд ажилладаг байжээ. Түүнийг багагүй амбицтай оюутан байсан хэмээн сургуулийнх нь оюутнууд RT агентлагт ярьсан байна
Эх сурвалжийн мэдээлж буйгаар алан хядагчид 2015 онд Парист болсон халдлагыг дахин үйлдэхээр төлөвлөж байжээ.
Тэд “Галерей” худалдааны төв, “Академпарк” цэнгэлдэх цогцолборт халдлага үйлдэхээр төлөвлөж, дараагаар нь хотын өнцөг булан бүрт гал нээх төлөвтэй байсан гэнэ.
ВЛАДИМИР ПУТИН АМИА АЛДАГСДЫН АР ГЭРИЙНХЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Халдлага болсон өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод жил бүр зохион байгуулагддаг “Бүс нутгийн болон орон нутгийн хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын IV чуулган”-д оролцож байв. Үүний дараагаар тэрбээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах ажлын хуваарьтай байжээ.
Халдлага болсноос хойш 30 минутын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мөрдөн байцаах болон Онцгой байдлын албаны шуурхай хуралд оролцож, халдлагын шалтгааныг нэн даруй тогтоохыг үүрэг болгосон байна.
Энэ үеэр Оросын батлан хамгаалах, аюулгүй байдлын холбооны зөвлөл, Төрийн ДУМ-ын гишүүд болон шинжээчид дээрх халдлагыг ерөнхийлөгчийн албан томилолттой холбоотой байхыг үгүйсгэсэнгүй. Тэд халдлагыг урьдаас төлөвлөсөн байсныг тодотгож байна.
БАРУУНЫ ХЭВЛЭЛҮҮД ХАЛДЛАГЫГ ХЭРХЭН МЭДЭЭЛЭВ
Санкт-Петербургт болсон халдлага эдгээр өдрүүдэд дэлхийн хэвлэл, мэдээллийн анхаарлын төвд байна.
Тэдний зарим нь халдлагын тухай өөрсдийн дүгнэлтийг хийж, түүнийгээ хуйвалдааны онолоор тайлбарлаж байна. Харин бусад нь халдлагыг "Путины халхавч" гэж бичиж байна. Үүнийгээ тэд Орост сүүлийн нэг сарын хугацаанд эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбон тайлбарлаж, Владимир Путин дотоод бодлогоо чангатгахын тулд халдлагыг ашиглаж байгаа гэхчлэн мэдээлжээ.
ОХУ-ын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Мария Захарова “The Washington Times” Санкт-Петербургийн халдлагын талаар мэдээлэхдээ өмнө нь болж байсан эсэргүүцлийн жагсаалын зургийг ашигласан тухай тэмдэглэсэн байв.
Барууны хэвлэлүүдээр гарч буй мэдээлэлд ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров тайлбар хийхдээ “Барууны хэвлэл увайгүй байна. Энэ халдлага бол ОХУ-ын Сирид авч хэрэгжүүлж байгаа бодлогын эсрэг үйл ажиллагаа” гэжээ.
Мөн “ОХУ Башар Асадын Засгийн газрыг дэмжсэнийхээ төлөөсөнд олон цэрэг эрсийнхээ цогцсыг хүлээж авах болно гэж Пентагоны төлөөлөгчид хэлж байсан удаатай. Тиймээс улстөрчид энэ удаагийн халдлагатай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ хариуцлагатай хандах ёстой" гэдгийг тодотгожээ.
Харин Их Британид суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Яковенко “Энэ бол хүн төрөлхтөн, соёл иргэншлийн эсрэг үйлдэж буй алан хядах үйл ажиллагаа. Ийм харамсалтай зүйл хаана ч, хэнд ч тохиолдож болохоор байна. Зөвхөн Оросоор дуусахгүй. Халдлага болсон шалтгааныг ямар нэгэн үйл явдал, ялангуяа Орост болж буй жагсаал, эсэргүүцэлтэй холбон тайлбарлаж, түүнийг сатааруулах гэсэн халхавч гэж үзэж байгаа нь барууны хэвлэлийнхний л харах өнцөг” хэмээн мэдэгджээ. Гэхдээ ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага дээрх халдлагыг Ойрхи Дорнодод болж буй үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
Оросын RT агентлагийн сэтгүүлч Рика Стерлинг “Энэ бүхэн ямар нэгэн сюрприз биш. Барууныхан Сирийн террорист үйл ажиллагааг тоодоггүй. Дэлхийн олон удирдагч Орост гарсан халдлагын дараа эмгэнэл илэрхийлсэн байна. Санкт-Петербургт болсон халдлага Лондонгийн халдлагатай харьцуулахад зарим улсын анхаарлыг татах нь бага байж магадгүй. Америкийн мэдээллийн агентлагуудын эхний хуудсанд гэхэд Оросын талаар мэдээлэл алга байгааг ажиглаж болно" гэсэн байв.
Сүүлийн жилүүдэд Берлин, Лондон, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад цуврал халдлага гарсан. Тэдгээр хотын удирдлагууд халдлагын үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, тухайн улсын төрийн туг, билгэдэлт зүйлсийг гэрэлтүүлэх зэргээр олны анхаарлыг татах үйл ажиллагаа зохион байгуулж байсан юм. Харин Орост гарсан халдлагын дараа ийм санаачилга төдийлөн ажиглагдсангүй. Зөвхөн Израилын Тель-Авив хот Санкт-Петербургт гарсан халдлагын үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, байшин дээр Оросын төрийн далбааг гэрлээр харуулжээ.
БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ