Өнгөрсөн баасан /2017.03.31/ гаригт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс “Монголын зэс” компанийн төлөөлөл болох Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилсон.
Тэгвэл төрийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ өчигдөр /2017.04.04/ анхны хуралдаанаа Орхон аймагт очиж хийлээ. Уг нь ТУЗ-ын хурал дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатарт хуралдах товтой байсан ч тодорхой шалтгааны улмаас гэнэт орон нутагт хуралдах шийдвэр гаргажээ.
Х.Бадамсүрэн 25 саяын цалин, урамшуулал авах уу?
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн цалинг 25 сая төгрөгөөр тогтож, нэмэлт урамшууллыг тухай бүрд нь тооцож байхаар ярилцаж эхэлжээ.
ТУЗ “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнтэй тусгайлан гэрээ байгуулдаг юм байна. Гэрээний хүрээнд Гүйцэтгэх захирлын цалингийн асуудлыг яриагүй гэж ТУЗ хэлж байгаа боловч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ТУЗ захирал, гишүүдийн цалингийн асуудлыг анхны хуралдаанаараа ярилцсан бололтой.
Тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа авсныхаа дараа 01 тоот тушаалаар өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авсан нь тогтоогдоод байгаа.
Х.Бадамсүрэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад 2016 оны аравдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Шинэ ТУЗ-д хэн хэн багтав
ТУЗ-ийн гишүүнээс “Монголын зэс” компанийн төлөөллийг хасч, төрийн төлөөллийг оруулсныг дахин тодотгоё. Тэгвэл ТУЗ-ийн өчигдрийн хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалинг 4000 ам.доллар байхаар ярилцсан сурагтай.
ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн ажиллаж буй.
Харин ТУЗ-ийн гишүүдээр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Даваадорж нар томилогдоод байгаа билээ.
“Монголын зэс”-ийн төлөөлөл Б.Шинэбаатарыг түр үлдээв
ТУЗ-аар хэлэлцсэн бас нэг асуудал бол бүтцийн өөрчлөлт. Бүтцийн өөрчлөлтийг Ерөнхий захирлын санал болгосноор баталсан гэдгийг ТУЗ-ын дарга У.Бямбасүрэн хэлсэн юм.
Мөн хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлуудын албан тушаалыг үйлдвэрийн захирлын орлогч болгож, зарим хүмүүсийг чөлөөлж, томилсон байна.
Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэр өмнө нь гурван дэд захиралтай байсныг өөрчлөн, дөрвөн орлогчтой болгожээ. Тодруулбал,
Үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогт
Хөгжил, эх барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболор
Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр
Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайханыг нэр дэвшүүлжээ.
ТУЗ-ын хурлаар тэдний томилгоо үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна
“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Шинэбаатар нь “Монголын зэс” компанийн төлөөлөл бөгөөд Засгийн газар “Монголын зэс” компанийн 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаа учраас түүнийг ийн түр орлон гүйцэтгэгчээр үлдээсэн бололтой.
Бүтцийн өөрчлөлтөөр үйлдвэрийн зарим албан тушаалтан өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэдгийг ТУЗ-ын гишүүд хэллээ.
Албан бус эх сурвалжийн хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь талаас томилсон бүх дарга, захирлуудыг сольж, МАН-ын “угшил”-тай хүмүүсийг томилж байгаа сураг байна.
Ш.ЧИМЭГ