Шилдэг жорлон шалгаруулдаг гэвэл итгэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Шилдэг жорлон шалгаруулдаг гэвэл итгэх үү?

…Хятад улс аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд 288 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “жорлонгийн хувьсгалд” зарцуулж, 100,000 бие засах газар шинээр байгуулжээ. Тэдгээрийн зарим нь дотроо телевизийн дэлгэцтэй, WiFi сүлжээтэй, ATM машинтай, буйдантай байдаг гэнэ. Бие засах газруудыг A-ээс AAA хүртэл ангилалтай хүртэл болгож байна.

Эх сурвалж: The Guardian


…Хөх хотод Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар бий болжээ. Энэхүү бие засах газар олон улсын хэмжээнд зохиогддог Монгол-Хятадын үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд байрлаж байна. Монгол гэрээр бие засах газар хийсэн нь сошиал ертөнцөд асар их шүүмжлэлийг дагуулж байна.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

Хүний хамгийн анхдагч хэрэгцээний нэг нь бие засах. Яг л идэж уух, өмсөж зүүх, унтаж амрахтай эгээ адил, зарим үед тэдгээрээс ч чухалд тооцогдох хэрэгцээгээ та бид хангаж чадаж байна уу. Биднийг хэрэгцээгээ хангаж амжихгүй будилж байх зуур зэргэлдээх хөрш маань бие засах газрыг жуулчдын ая тухыг хангах, тэдний сонирхлыг татах хэмжээнд хүртэл нь хөгжүүлэхэд анхаараад эхэлжээ. Бүсгүй хүн босоогоороо биеэ засдаг (тийм боломжит төхөөрөмж аль хэдийнээ туршжээ) эрин үе ирчихсэн байтал монголчууд бид модон жорлонгоосоо салаагүй л байна.

Жил жилийн хаварт Улаанбаатар хотын агаарт нэгэн шинэ найрлагат хордуулагч нэмэгддэг нь шивтрийн хий. Япончуудыг алмайруулсан энэхүү хийг өөрсдөө өвөлжин бэлтгээд дулаарч гэссэн үед нь хамар цоргисон шивтрээр амьсгалж дасчээ. Адаглаад л нийтийн тээврийн жолооч, кондуктороос эхлээд анхдагч хэрэгцээгээ хэрхэн хангадаг нь үл ойлгогдох хэсэг бүлэг хүмүүс байсаар л…Алсаас зорьж ирсэн гадны жуулчид монгол эрчүүдийн буруу харж зогсоод, бүсгүйчүүдийн хормой дэвсээд биеэ засдаг дадлыг үнэндээ л гайхдаг гэнэ лээ. Хөдөө өссөн нь бүү хэл хотод төрж торнисон нь хүртэл энэ дадлыг төрмөл байдлаар өвлөчихдөг онцлогтой. Суурин газрын соёлд огтхон ч нийцээгүй энэ дадлаас үүдэн жил бүрийн хавар Улаанбаатарын агаарт шивтрийн хий их хэмжээгээр дэгддэг байна.

Нийслэлд хотод нэн тулгамдсан асуудлын нэг нь бие засах газар гэдэг нь дээрх ганцхан баримтаас харагдана. Модон жорлонгоо боловсон 00-оор солихоос эхлээд худалдаа, үйлчилгээний газруудыг нийтэд зориулсан ариун цэврийн өрөөтэй болгохыг ойрын зорилгоо болгон ажиллах цаг болжээ. Гэнэт гэдэс эвгүйрэх, давсаг чинэрэх хэнд ч тохиолддог бэрхшээл. Дарга сайд, мисс модель хэнийг ч үл тойрох энэхүү бэрхшээлийг тэсээд тэвчээд өнгөрөө гэвэл харгислал мэт сонсдох нь мэдээж. Тэвчиж тэсвэрлэхэд бэрх бие засах хэрэгцээг хязгаарласан аман болоод албан шийдвэр гараагүй ч гаргаснаас ялгаагүй байдал нэгэнт үүсчихээд байна.

Улаанбаатарын уугуул иргэдийн хувьд хотынхоо нөхцөлд тохируулаад гарч орохдоо ихэд хянамгай хандаж заншсан байдаг. Бие засах гэж сандрахгүйн тулд гадагш гарахаасаа өмнө унд хоолоо сойх нь бий. Харин орон нутгаас ирсэн болон гадаадын жуулчид бие засах газар олдохгүй тун чиг тэвдэж харагддаг.

Монголын хүн амын 65 хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд, нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдарч, модон жорлонд бие засч байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 95 хувь нь өөрийн гэсэн бие засах газартай боловч эдгээрийн дийлэнх буюу 97 хувь нь энгийн нүхэн жорлон байна. Үүнээс үүдэлтэйгээр хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч, халдварт өвчний тархалт нэмэгдэж, амьдралын чанарыг асар ихээр дордуулж байна. Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үе, хүүхдүүдийн бие засах газрын асуудал бүр эгзэгтэй байна. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур байхгүй, энгийн модон жорлон төдийхнөөр хэрэгцээгээ хангаж байна.

Ийн бие засах газар, боловсон 00-гүйн улмаас шил дарсан олон асуудал үүссээр байгаа нь хэний буруу вэ. Яг үнэндээ бол иргэндээ үйлчлэх үүрэг хүлээсэн төр засаг, бүр тодруулбал хотын удирдлагуудын санаа тавих ёстой зүйл энэ. Өнөөдөр дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбооныхон онцолжээ. Тэрбумаар тоологдох тэр олон дотор түмэн дотор монголчууд бага боловч жин дарж л яваа. Цөөхөөн хэдхэн монголчуудаа тансаг зэрэглэлд багтаахаа байг гэхэд анхдагч хэрэгцээг нь асуудалгүй хангадаг болчихож болдоггүйн учир вэ.

Англи улсад жил бүр “Голден поо” нэртэй олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Сайхан бие засах газартай байхын ашиг тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилготой энэ уралдаан 2010 онд богино хэмжээний анимашн бүтээлийн чиглэлээр явагдсан бол дараа жил нь хошин шог өгүүллэгээр өрсөлдүүлсэн байх жишээтэй. Ард иргэдийнхээ анхдагч хэрэгцээг нь бүрэн хангах үүднээс АНУ-д “Оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан” хүртэл явуулдаг гэнэ шүү, дарга нар минь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж