Харшлыг хүндрэхээс нь өмнө эмчид хандах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Харшлыг хүндрэхээс нь өмнө эмчид хандах хэрэгтэй

Дэлхийн хүн амын 30-40 хувь нь жилд янз бүрийн шалтгаант харшлын
өвчнөөр өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг
байна. Цаашид 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь
ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид
урьдчилан тооцоолсон судалгаа байдаг ажээ. Хүмүүсийн хэрэглэж буй хоол
хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж
чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос,
үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол
болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө
харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон.

Манай улсад харшлын шалтгаант өвчлөл жилээс жилд ихсэж байна. Манай орны
судлаачдын судалгаагаар таван хүн тутмын нэг нь ямар нэг харшлаар
өвчилж байгаа тухай мэдээлж байна. Харшилтай болох шалтгаан нь гэр
доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор
/шарилж, луулийн төрлийн хөл газрын ургамал/ зэргээс шалтгаалдаг байна.
Мөн агаарын бохирдол, хөрсний элэгдэл, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа,
будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм
болгон харшил үүсгэх боломжтой байдаг гэнэ. Зуны улирал ирэхээр
харшилтай хүмүүс хамгийн ихээр асуудалд ордог. Тэгэхээр нэгэнт харшилтай
болсон хүн яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс эмчийн зааврын
эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг аж. Дархлааны урвалыг өөрийг нь
дарангуйлах эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлийг бий болгогч зүйлсийг
саармагжуулах эмчилгээ хийдэг. Тусгай дархлаа засал эмчилгээ нь хэдэн
долоо хоногийн туршид үргэлжилдэг, тухай бүрт илүү өндөр агуулгатай
харшил үүсгэгчийг тарьдаг юм байна. Хэрэв харшлаа хүндрүүлбэл 
иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг гэж мэргэжлийн
эмч нар зөвлөж байна. Нэгэнт харшилд өртсөн тохиолдолд  хүндрүүлэхгүй
байхад нь онцгой анхааран хариуцлагатай хандах нь чухал.

Таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэдэг бидний эргэн тойрон
бүхэлдээ асуудалтай байна гэсэн үг. Тиймээс хүмүүс өөрсдийгөө харшилаас
урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга. Ингэхийн тулд аль болох харшилдаг
зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн
дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Сайн амрахад нойр их
нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л
дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг
явуулж байдаг. Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл
санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие
махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж өвчний явцад
сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчин эмгэгээс хурдан ангижрахын тулд сэтгэл
санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог  Австрийн хүүхдиин эмч К.Пирке
1906 онд  анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–өөр,
ergon-үйлчлэх гэсэн хоёр vгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой
хүчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй 
хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Өнөөг хvртэл  харшлыг 100
хувь эмчилдэг арга олдоогүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг
бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн
өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг.
Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч
чадвал харшлын илрэлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой гэнэ.

Харшлын шинж тэмдгийн ил­рэлийг цаг алдалгүй дарах зориу­лалттай
гистамины эсрэг үйл­чилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд
мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэд­гээрээс өөрт тохирохыг
нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хам­гийн зөв арга юм. Хэрвээ
дэргэдэх хvнд тань анафилактик шокийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай
эмчид хандах хэрэгтэй. Тусгай  дархлаа заслыг сүүлийн үед нэлээд
хэрэглэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай
бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд
хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулан гаргадаг байна. Гэвч энэ
эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын vед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх
аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн
цаашдын хувирлаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны
дэглэм барихыг зөвлөж болно. Хаана, хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан
харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн
үрэвсэл /нүд улайх, нуухтах, нулимс гоожих/, чонон хөрвөс, Квинкийн
хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм,
анафилактик  шок зэргээр илэрнэ.

Харшил үүсгэгчтэй таарсны дараагаас нус гоожин найтаалгаж, хамар
загатнаж байгаа бол ринит  буюу нусгайтах харшил. Нулимс гоожиж, нvдэнд
юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл
зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит. Хvнсний харшил нь
хүүхдүүдэд голдуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг. Чонын
хөрвөс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны
vрэвсэл нь арьсны  харшилд орно. Харшлын урвалын vйл явцын хамгийн муу
хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба
philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн
цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл  зөгий
мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн
шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож 
артерийн даралт огцом буурч шоконд орно. Бас нэгэн шинж тэмдэг нь
судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хүйтэн хөлс асгардаг. Ингэж
шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  үүсч үхэх аюлтай
байдаг.  Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас
байдаг.
Нэгэнт өвчилсөн бол өрхийн болон дүүргийнхээ арьс, харшлын мэргэжлийн
эмчид хандан эмчийн зааврын дагуу асаргаа, сувилгааг гэрийн нөхцөлд
хийхийн зэрэгцээ хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмчдээ яаралтай мэдэгдэн
дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамрагдах нь зүйтэй.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж