Пак Гын Хэ: Надад туслах хэн ч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ: Надад туслах хэн ч байгаагүй

1974 оны зун. 22 настай Пак Гын Хэ Францын Греноблийн их сургуульд суралцаж байв. Тэр багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн байлаа.

Наймдугаар сарын тэр нэг өдөр түүний мөрөөдөл үүрд замхарчээ. Тэр төрөлх нутгаасаа зурвас хүлээн авав. “Яаралтай эх орондоо ир”.

Цүнх саваа баглаад, нисэх буудлыг зорьсон Пак Гын Хэ сонины мухлагийн дэргэдүүр өнгөрч явахдаа нүдэнд итгэмгүй мэдээлэл олж харжээ. “Тэргүүн хатагтай Пакийн амийг хөнөөжээ” гэх гарчгийн дор дөлгөөн харцтай, хөнгөн инээмсэглэл тодруулсан эмэгтэйн зургийг нийтэлсэн байв. Тэр эмэгтэй ээж нь байлаа. Залуу бүсгүйн зүрх рүү хутга зоогдох шиг л болжээ.

Пак Гын Хэг Сөүлд буцаж очиход цусанд будагдсан ээжийнх нь даашинз угтав. 1974 оны наймдугаар сарын 15-нд бусдын гарт амиа алдсан ээжийнх нь даашинзыг түүнд өгчээ.

Өмнөд Солонгос Японы эрхшээлээс мултарсан 29 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд ерөнхийлөгч нөхрөө дагалдан очсон Юк Ён-Сү Үндэсний театрт толгойдоо буудуулж, амиа алдсан юм. Хойд Солонгосын тагнуулын нөхрийг нь онилсон бууны сумтүүний толгойд тусчээ. Тэргүүн хатагтай тэгэхэд дөнгөж 48 настай байв. 

Харин түүний нөхөр, БНСУ-ын гурав дахь ерөнхийлөгч Пак Чон Хи 1961 онд цэргийн хүчээр төрийн эрхийг гартаа атгаж, төмөр нударгаар эх орноо удирдаж байв. 

Пак Гын Хэ эцэг, эх болон хоёр дүүгийн хамт. Түүний охин дүүг Гын Рён, эрэгтэй дүү Жи Ман гэдэг.

Эх орондоо дуудагдан ирсэн Пак Гын Хэд гашуудаж суух цаг байсангүй. Ээжийнхээ орон зайг нөхөж, шийдэмгий зоригтойгоор эцэгтээ туслахыг хичээж, Тэргүүн хатагтайн үүрэг хариуцлагыг өөртөө хүлээжээ. Дараагийн таван жилд тэр эцгийнхээ дэргэдээс алхам ч холдолгүй, албаны айлчлал, төрийн дээд уулзалт, элдэв дээд арга хэмжээнд тасралтгүй оролцож, яг л ээжийнхээ хийдэг байсанчлан халуун дотноор хүмүүстэй мэндчилж, гар барилцах болов.

Пак Гын Хэ аав Пак Чон Хигийн хамт. 1974 онд.

 

“Миний хамгийн чухал үүрэг бол эцэг минь ганцаараа биш гэдгийг улс орон, ард түмэндээ харуулах явдал байсан. Энгийн хүний амьдралаар амьдрах мөрөөдлөө тэгэхэд би таягдан хаясан. Амар хялбараар амьдрах гэсэн миний мөрөөдөл замхарлаа”

Пак Гын Хэгийн өдрийн тэмдэглэлээс. 1974.11.10

Тэглээ гээд Пак Гын Хэ эцгийнхээ амийг аварч чадаагүй. 1979 оны аравдугаар сарын 26-нд оройн хоолны үеэр ерөнхийлөгч Пак Чон Хи дотоод аюулгүй байдлын даргадаа буудуулж, амиа алджээ. 

Эхийгээ алдаад удаагүй байсан Пакийн эцэг мөн бусдын гарт хорлогдов. Энэ удаад түүнд Хөх ордонд буцаж очих шалтгаан байсангүй. 1979 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрийн оршуулга болж, ээжийнх нь шарилын дэргэд эцгийг нь нутаглуулав. Пак ерөнхийлөгчийн албаныхантай салах ёс гүйцэтгээд, гялтганасан хар машинд суугаад амьдралынхаа шинэ үе рүү давхин оджээ.

Пак эцгийнхээ оршуулгын үеэр. 1979 онд.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХАРИЛЦАА

Пак Гын Хэ ээжийнхээ үхлээс хойш төд удалгүй Чой Сун-шилтэй анх танилцжээ. Чой овогт ПакГын Хэгээс дөрвөн насаар дүү гэнэ. Түүний эцэг Чой Тэ Мин ерөнхийлөгч Пак Чон Хитэй дотно харилцаатай байсан бөгөөд охин нь Тэргүүн хатагтайн үүргийг итгэл төгс гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байсан гэдэг. 

“Мөнхийн амьдрал” гэгч шашны урсгалыг үндэслэгч, шашны номлогч Чой Тэ Мин ээжийгээ алдаад, сэтгэл нь үймэрч, уй гашууд автсан ПакГын Хэг уриалгахан хүлээн авчээ. Тэр тэнгэрээс ээжийнх нь дамжуулсан захиасыг хүлээн авдаг, хайрт ээжтэйгээ холбогдох гүүр нь өөрийгөө гэж итгүүлсэн гэх мэдээлэл ч байдаг. Түүгээр ч барахгүй “Ээжийнхээ дуу хоолойг сонсохыг хүсвэл надаар дамжуулаарай” хэмээн Чой Тэ Мин захидал бичсэн гэх нь ч бий.

Пак Гын Хэ “оюун санааны зөвлөх”-тэйгээ улам бүр дотно харилцаатай болж, түүний охин Сун Шилтэй ч ойр дотно нөхөрлөх болжээ. Энэ хугацаанд Чой Тэ Мин тэргүүн хатагтайн үүрэг хүлээсэн Пакийн нэр нөлөөг ашиглаж, өөрийн байр суурь, эд хөрөнгөө зузаатгаж байсан гэдэг. 

1979 онд ерөнхийлөгч Пак Чон Хиг буудаж хөнөөсөн Ким Жэ Гуи хожим нь шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө “Ноён ерөнхийлөгч Чой Тэ Миний авлигын чанартай элдэв заль мэх, үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүй, охиноо түүнээс холж байлгаж чадаагүй нь түүнийг хөнөөх шалтгаан болсон” гэж мэдүүлж байжээ. 

ЭРГЭЖ ИРСЭН НЬ 

Ерөнхийлөгчийн охин ч биш, Тэргүүн хатагтай ч биш болсон Пак Гын Хэ бараг хориод жил ор сураггүй шахам алга болжээ. Өөрийн зөвлөх, удирдагч Чой Тэ Мин болон түүний гэр бүлийнхний хамт байж, Чой овогтын үүсгэн байгуулсан бүлгэмийн удирдагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр гарч байсныг эс тооцвол тэр хугацаанд чухам юу хийж байсан нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. 

Ази тив санхүүгийн хямралд өртөж, дотоодын нөхцөл байдал ч хурцадсан 1998 онд Пак Гын Хэ улс төрд дахин орохоор шийджээ. 

“Би БНСУ-тай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн хүүхэд байхгүй. Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэж Пак Гын Хэ нэгэнтээ хэлж байв.

Пак Гын Хэ 1998 оны дөрөвдүгээр сард болсон нөхөн сонгуулиар ялалт байгуулж, парламентын гишүүн болов. Ингээд тэр консерватив үзэлтэй эрчүүд голдуу байдаг Ханнара намын лидер болжээ. Түүний удирдлага дор нам нь 2004-2006 оны хооронд өрнөсөн 40 удаагийн ээлжит болон нөхөн сонгуульд бүгдэд нь ялалт байгуулав. 

Нэгэн цагт багш болохыг мөрөөдөж явсан гүнж ингээд “Сонгуулийн хатан хаан” нэртэй улс төрийн нэр хүнд бүхий лидер болж хувирчээ.

Пак Гын Хэ парламентад тангараг өргөх үеэр. 2013.02.25. Сөүл хот.

Эцэст нь, 2012 онд Пак Гын Хэ Хөх ордонд дахин хөл тавих “тасалбар” хожжээ. Ардчилсан сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр Өмнөд Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй төрийн тэргүүн болов. Түүний ялалтад эцэг, эхийнх нь гавьяаг өндрөөр үнэлдэг ахмад настнуудын сонгуулийн идэвх, оролцоо онцгой үүрэг гүйцэтгэсэн гэгддэг.

“Итгэл найдварын шинэ эрин эхэллээ” гэсэн гарчигтай тангаргийн илтгэлдээ Пак хууль, дүрэмд суурилсан сайн сайхан, аз жаргалтай улс орныг бүтээн босгохоо амлав. “Миний засаг захиргааны үйл ажиллагаа ил тод, цэвэр тунгалаг, мэргэжлийн, чадварлаг байж ард түмнийхээ итгэлийг олох болно” гэж тэр илтгэлдээ дурджээ. 

Ерөнхийлөгчийн охин, Тэргүүн хатагтай явсан тэрбээр ийнхүү Ерөнхийлөгч болов.

ӨМНӨД СОЛОНГОСЫН РАСПУТИН

Чой овогтынхонтой хэт ойр байсан Пак төрсөн дүү нараасаа хол хөндий олон жилийг үджээ. 1990 онд түүний охин дүү Гын Рён, эрэгтэй дүү Жи Ман нар тухайн үеийн ерөнхийлөгч Ру Тэ Вүд хандан, нас нөгцсөн эцэг, эхийнх нь дурсгалд зориулан байгуулсан ашгийн бус сангийн үйл ажиллагаанд Чой Тэ Мин оролцох болсон гэж гомдол мэдүүлжээ.

Пак Гын Хэгийн дүү нар нь Чой Тэ Мин том эгчийг нь удирдаж, гарын аясаар хөдөлгөдөг хэмээж байв. 

2007 онд Пак Гын Хэ намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авахын төлөө өрсөлдөж байх зуур Өмнөд Солонгос дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Вашингтон руу илгээсэн мэдэгдэлдээ “Нас барсан номлогч Пакийн бие махбодь, оюун санааг хянаж, удирдаж байсан, үр дүнд нь түүний хүүхдүүд асар их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан гэх цуу яриа эрчимтэй газар авч байна” гэж бичсэн байв.

Хүнтэй гэрлэж байгаагүй Пак Гын Хэг мөн Чой Тэ Миний хүүхдийг төрүүлсэн гэх ч цуу яриа байдаг. Пак өөрөө энэ мэт яриаг эрс няцааж байсан юм.

АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлэлд 1994 онд 82 насандаа нас барсан Чой овогтыг “Өмнөд Солонгосын Распутин” гэж цоллосон байв. Хожим 2007 онд өгсөн ярилцлагадаа Пак Гын Хэ түүнийг эх оронч хүн байсан гээд, хүнд хэцүү үед тулж, түшиж, зөвлөж байсан түүнд талархаж явдаг тухайгаа ярьж байлаа. 

Чой Тэ Минээс хойш Пак түүний охин Чой Сун Шилтэй дотно хэвээр үлджээ. Өнөөг хүртэлх бүх дуулиан ч түүнтэй холбоотой билээ.

Пак Гын Хэ, Чой Сун Шил нар их сургуулийн кэмпэд. 1979 оны зургадугаар сар.

УТСАН ХҮҮХЭЛДЭЙ

Хоёр бүсгүй төрсөн эгч, дүүсээс ялгаатай дотно харилцаатай байсан гэгддэг. Пак парламентын гишүүнээр ажиллаж байхад Чой овогтын нөхөр Чун Юүн Хой түүний туслахаар ажиллаж байв. Гэхдээ 2007 онд ажлаа хүлээлгэн өгчээ.

Чой Сун Шилийн нөхөр Чун Юүн Хой. 

2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд 476 хүн, тэдний дотор 325 сурагч тээвэрлэж явсан хөлөг онгоц Чежү арлыг зорьж яваад тэнгист сүйрсэн юм. Эмгэнэлт ослоор зорчигч, хөлгийн багийнхан гээд нийт 304 хүн амиа алдсан билээ. 

Эргийн хамгаалалтын алба, Тэнгисийн цэрэг, бусад холбогдох албаныхан ослын дараах эхний хэдэн цагийн туршид ухаан мэдрэлгүй шахам ажиллаж байхад ерөнхийлөгч Пак Гын Хэ үндэсний шуурхай зөвлөгөөнд эзэнгүй байжээ. Түүнд өглөөний 09.24 цагт анх мессеж бичиж, ослын тухай дуулгасан, дараа нь 10.00 цагт бичгээр мэдээлэл хүргүүлжээ. Гэвч түүнээс хойш бүтэн долоон цагийн дараа, 17.15 цагт төрийн тэргүүн гарч ирэв. 

Ослын дараа улс орон даяар гашуудаж, эмгэнэлт байдал хүргэсэн буруутнуудыг олж шийтгэхийг ард түмэн шаардаж байлаа. Ерөнхийлөгчийн нэр хүнд, чансаа огцом доошилж, Эргийн хамгаалалтыг сайжруулж, усан тээврийн салбарт дорвитой өөрчлөлт хийхээр амласан ч ослоор амь алдсан хүүхдүүдийн эцэг, эхчүүд, ойр дотныхон нь ерөнхийлөгчийг огцрохыг шаардав.

Пак Гын Хэгийн хувьд байдал улам дордсоор байлаа.

2014 оны наймдугаар сард Японы “Санкей Шимбүн” сонинд дуулиант мэдээлэл гарсан нь “Севол” хөлөг онгоцонд аврах ажиллагаа явуулахыг удирдан зохион байгуулж байх ёстой тэр долоон цагийн хугацаанд Пак Гын Хэ дотно найзынхаа нөхөр Чун овогттой амраглаад, завгүй байсан тухай байв. 

Ерөнхийлөгч үүнийг эрс няцааж, худал мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлч нар бусдын нэр төрд халдсан, гутаан доромжилсон хэргээр шалгагджээ. Гэвч түүнээс ч дор мэдээллүүд цацагдав.

2014 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын “Сеге Илбо” сонин Хөх ордны талаарх баримтуудын дэлгэсэн юм. Уг баримтад Чун овогт утсан хүүхэлдэй тоглуулагч аятай ерөнхийлөгчийн засаг захиргааг ажиллуулж байсан, албаны ямар ч албан тушаал хашдаггүй хэрнээ ерөнхийлөгчийн туслахуудаар өөрийн хүссэнээ хийлгэдэг байсан тухай мэдээлэл байв. 

Түүнээс ч дор нь Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Юүн Чан Жун 2013 онд Пак Гын Хэгийн айлчлалын хүрээнд Вашингтон явах зуур залуу ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан дэгдэв. Ерөнхийлөгч болоод Чун овогт хоёул энэ бүгд зохиомол зүйл гэж мэдэгдсэн юм.

Чой Сун Шил 2014 оны долдугаар сард Чун Юүн Хойгоос салжээ. Тэд өдгөө 20 настай Юү-ра хэмээх охинтой ажээ.

Элдэв дуулиан шуугиан намжих төлөвтэй байтал 2016 оны аравдугаар сарын 24-нд JTBC мэдээний суваг жинхэнэ бөмбөг тэсэлж орхив. Чой овогтын ашиглаж байсан гэх таблет компьютер, түүн доторх өгөгдлүүдийн талаар тэд нийтэд дэлгэсэн юм. 

Чой Сун Шилийн таблет компьютераас олдсон ерөнхийлөгчийн илтгэлүүдийн хуулбар

Тэнд ерөнхийлөгч Пак Гын Хэгийн 2012-2014 оны хоорондох нийт 44 илтгэл, хэлсэн үг, гэрээний драфт багтжээ. Хоёр Солонгосыг дахин нэгтгэх тухай Пакийн Германд тавьсан илтгэл ч тэдний дун байв.

Компьютерийн бүртгэлээс харахад тэдгээр файлуудыг Пак Гын Хэ илтгэлээ тавихаас хэдэн цагийн, эсвэл хэдэн өдрийн өмнө илгээсэн байж таарчээ. Түүнчлэн олон догол мөрүүдийг улаанаар тодруулсан байв. 

Эдгээр мэдээллийн хариуд Хөх ордноос ямар нэг тайлбар, хариу өгсөнгүй. Нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон гэж хэн ч араас нь нэхэл болсонгүй. Харин дараагийн өдөр нь, 2016 оны аравдугаар сарын 25-нд ерөнхийлөгч Пак Гын Хэ ард түмнээсээ уучлалт гуйв.  

Анх удаагаа тэр Чой Сун Шилаас зөвлөгөө, тусламж авдаг байснаа тэгэхэд хүлээн зөвшөөрсөн юм. Харин авлигын хэргийн талаар тэр дурдсангүй.

Нөхцөл байдал улам бүр хурцдаж, ширүүссээр… Чой Сун Шил болон ерөнхийлөгчийн хоёр туслахыг баривчлан саатуулсны дараа Пак Гын Хэ арваннэгдүгээр сарын 4-нд дахин ард түмнээсээ уучлал хүсэв. Энэ удаад ганцаардмал нэгэн ард түмнээсээ өршөөл эржээ.

Хатагтай Пак Хөх ордноос толгой бөхийлгөн улс үндэстэн, ард түмнээсээ уучлал гуйв. 2016.11.29

“Ерөнхийлөгчийн албанд ирснээс хойш би ганцаардмал амьдралыг туулж байна. Золгүй явдлаас эмээхдээ би гэр бүлийнхээ бүх гишүүдээс холбоогоо тасалсан. Хувийн асуудлаар надад туслах хэн ч дэргэд минь байгаагүй. Тиймээс би Чой Сун Шилээс тусламж хүссэн юм. Хүнд хэцүү үед тэр дэргэд минь байсан” гэж тэр хэлэв. Мөн тэрбээр шаардлагатай бол мөрдөн байцаалтад биечлэн оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 

Гэхдээ Өмнөд Солонгосын иргэд төрийн тэргүүний асуудлыг зүгээр өнгөрүүлэхийг хүсээгүй бололтой, Пак Гын Хэг огцруулахыг шаардаж, долоо хоног бүр гудамжинд олныг хамарсан жагсаал өрнөх болов. Пак Гын Хэгийн чансаа урьд хожид байгаагүй 4 хувь хүртэл унажээ.

Пак Гын Хэг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Сөүлийн төв талбайд болов. 2016.11.05

Арваннэгдүгээр сард Прокурорын газраас Чой Сун Шилийн эсрэг хэрэг үүсгэжээ. Чой овогтын тэргүүлдэг сайн үйлсийн санд хандив нэрээр их хэмжээний мөнгө цуглуулах ажилд ерөнхийлөгч Пак Гын Хэ ч оролцсон байж болзошгүй гэгдэв. Ингээд Пак Гын Хэ төрийн тэргүүний алба хашиж байхдаа гэмт хэрэгт нэр холбогдсон Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болжээ.

Улмаар БНСУ-ын парламент арванхоёрдугаар сарын 9-нд ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Дээрх асуудлыг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж, 2017 оны гуравдугаар сарын 10-нд ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах нь зүйтэй гэсэн парламентын шийдвэрийг дэмжин, баталгаажуулсан юм.

Ерөнхийлөгчийн охин, Тэргүүн хатагтай, Сонгуулийн хатан хаан, Ерөнхийлөгч, харин цаашид хэрхэх бол…

С.ЦЭЛМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж