Авлига төрийн албыг “алж” байна

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Авлига төрийн албыг “алж” байна

Төрийн ордонд өнөөдөр /2017.04.04/ “Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Бага хуралд оролцсон эрдэмтэн судлаачид төрийн албанд мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд цөөрч байгаа явдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй нөхцөлд хүргэх эрсдэл бийг онцоллоо.

Мөн иргэдийн дунд судалгаа хийхэд 27 хувь нь төрийн албан хаагчид авлига авдаг, 60 гаруй хувь нь авлига авсан албан тушаалтандаа хариуцлагагүй тооцож чадахгүй байна гэх хариулт өгчээ.

Төрийн албанд авлига бүлэглэлийн хэмжээнд очсон гэсэн асуудал ч хөндөгдсөн байна.

Хэрвээ төрийн албанд үүрлээд байгаа авлига хээл хахуультай хатуу тэмцэж, хариуцлагаа чангатгахгүй бол энэ нь өнөөдрийнхөөс ч хортой, ноцтой асуудалд хүргэнэ гэдгийг оролцогчид онцоллоо.

Төрийн албыг хүчгүйдүүлж байгаа хоёр дахь хүчин зүйл нь халаа сэлгээ аж. Шинээр Засгийн газар байгуулагдах бүрийд бүтэц шинэчлэгддэг. Энэ бүтэц нь судалгаанд үндэслэгддэг нь ховор. Үүнээс болж төрийн залгамж чанар алдагдаж, УИХ-аас баталсан хууль, томоохон зорилтот хөтөлбөрүүдээ ч хэрэгжүүлж чадахгүй болдог аж.

Мөн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага нөхцөл үүссэн гэдэгтэй оролцогчид санал нэгдлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж түүний залгамж чанарыг бэхжүүлэх, төрийн алба хаагчид нь ашиг сонирхлын зөрчил болон намын аливаа үйл ажиллагаанаас ангид, хариуцлагатай байж, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг; төрийн албаны томилгоо нь чадахуйн зарчимд суурилдаг байх зарчмуудыг тогтоож бэхжүүлэх нь нэн чухал байна.

Ажлын үр дүн, мэргэшлийн түвшин хангалттай, хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахидаг албан хаагч хэдэн жилийн дараа ямар албан тушаалд очихоо төлөвлөж болохуйц Төрийн албаны тушаал дэвших тогтолцоотой. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, байгууллагын удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн ч ажлаа илтгэл төгс, айх айдасгүй хийх тогтвортой байдал төрийн албаныханд чухал байна. Удирдлагын хууль бус шийдвэрийг эсэргүүцэх зоригийг өгөх баталгааг бүрдүүлэхэд төрийн албаны шинэтгэлийн зорилго орших ёстой” гэсэн юм.

УИХ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд өргөн мэдүүлэгдсэн. Эдгээр төслүүд цаг алдалгүй батлагдсан нөхцөлд төрийн алба илүү хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн болж чадвартай болох боломж бүрдэх аж.

Эрдэм шинжилгээний бага хуралд “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт ба тулгамдсан асуудал” сэдвээр доктор /Ph.D/, профессор П.Одгэрэл, Мэргэшсэн, тогтвортой, үр дүнтэй боловсон хүчин төрийн албаны үндэс болох нь: Япон Улсын туршлага” сэдвээр  доктор /Ph.D/, П.Амаржаргал, Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын хариуцлагын эрх зүйн зохицуулалт” сэдвээр доктор /Ph.D/ Н.Мөнхзул, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдвээр доктор /Ph.D/, Д.Сүнжид нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Дээрх арга хэмжээг Төрийн албаны зөвлөлөөс санаачлан зохион байгуулав.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж