Лууль шарилжны “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Лууль шарилжны “бэлэг”

Намрын эхэн сар гарч, ургамлын тоос дэгдэх цагаар “Харшил хөдлөөд…” гэсээр амаа дарж, хамраа шуухитнуулах хүмүүс алхам тутамд таарах нь элбэгшиж.  Ялангуяа Улаанбаатар хотод бүр ч их. 2007 онд хийсэн судалгаанаас үзвэл сүүлийн арван жилд нийслэлийн сургуулийн насны хүүхдийн дунд харшлын шалтгаант өвчлөлийн тархалт 1.3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, манай улсын таван хүн тутмын нэг нь харшил өвчнөөр өвчилсөн байна гэж тооцоолвоос нийгмийн хамарсан өвчлөл гэж хэлж болмоор. Хачирхалтай харшил нь хэзээ ч бүрэн төгс эмчлэгддэггүй өвчин гэдэг. Өнгөрсөн онд зохион байгуулсан амьсгалын замын өвчлөл, харшлын эмч мэргэжилтнүүд болон хотын холбогдох албаныхан хамтарсан сургалтын үеэр “Шарилж луулийг устгаж дийлэхгүй ээ. Хотын хаана, ямар хэмжээгээр ургасныг ч тогтоох аргагүй. Тиймээс хамгийн энгийн, хамгийн найдвартай арга бол бүх нийтийг вакцинжуулах. Ингэж чадвал харшлаар өвчлөгсдийн тоо багасна” гэж байсан удаатай. Нэг үгээр хэлбэл, вакцин бол зүгээр л харшлаас хамгаалах “өндөр үнэтэй” бамбай. Заавал вакцинжуулахын тулд өч төчнөөн хөрөнгө зарлагдсанд орвол орчноо эрүүл байлгахаас эхлэх нь зүйтэй бус уу.

Улаанбаатарт урин дулааны улиралд хамгийн элбэг, тэгэхдээ хэнд ч хэрэгцээгүй юм гэвэл гудамж талбай, айл өрхийн хашаа, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй өндрөөс өндөр ногоорч ургасан шарилж. Харшил гээчийг бэлэглэгч нь тэр яах аргагүй мөнөөс мөн. Бидний нэрлэж заншсанаар хогийн ургамал. Холоос харвал үнэхээр гоё ногоорсон талбай. Гэтэл ажлаас, гэрээс гармагц гудамжнаа шууд л шарилжны анхилуун “сүрчиг” сэнхийж орхино. Гудамжнаа хамраа дарсан, хий ханиалгасан нүд нь улайсан хүмүүс зөндөө зөрөн алхан. Тэд харшилд дарлуулан шуухитнаж яваа нь энэ.

Нийслэлийн зарим нэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гаднаа үндсэн утгаар нь ногоон байгууламж бүхий цэцэрлэг байгуулсан нь нүдэнд тусдаг ч гэлээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудыг шарилж луульхан л чимж байх шиг. Гэнэтхэн нийслэлийн хот тохижуулахынхан хийх ажлаа мэдсэн юм шиг өнөөх лууль шарилжныхаа үр тоосоо гөвөх цагаар зулгааж, устгах ажлыг эрчимтэй өрнүүлж эхэлдэг зуршил тогтоод удаж буй. Өнгөрсөн намар наймдугаар сард хот тохижуулахаас шарилж түүх сайн дурын иргэдийг өдрийн таван мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулж байсан удаатай. Гэвч өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил үр дүн муутай ажил хэрэг болж хувирсан. Учир нь дээрх хогийн ургамлыг нялх үед устгасан нь илүү үр дүнтэй байдаг бөгөөд нэгэнт биежээд, үр тоосоо гөвөөд эхлэх цаг буюу долоо, наймдугаар сард устгаж, зулгаагаад ч нэмэр тус болох нь ховор  гэдгийг холбогдох салбарын эмч мэргэжилтнүүд хэлж байгаа.

1990-ээд оны үед нийслэлийн нэг хүн амд 8-10 шоо метр цэцэрлэгжсэн талбай ногдож байсан бол өдгөө нэг хүнд 3.2 шоо метр талбай ногдож байгаа нь олон улсын жишиг стандартаас зургаа дахин бага байгаа аж. Харин мэргэжлийн байгууллагынхан “Хотын ногоон байгууламж тэртээ тэргүй хогийн ургамалд дарагдсан нь ойлгомжтой. Тэгээд ч энэ их хогийн ургамлыг цэвэрлэх хүн хүч хомс, бүгдийг нь зулгаах аргагүй зүгээр л хадаж аваад тэр газрыг нь цементлээд тэгшилсэн нь илүү амархан” гэх маягийн үгс цухалзуулж байсан удаатай. Тэглээ гээд цементээр өнгөлсөн зам талбай нь орчны бохирдол, тоосжилтыг бууруулах нь юу л бол. Нөгөөтэйгүүр нийслэлийн хөрсийг эрүүлжүүлэхгүйгээр шарилжаас өөр ургамал ургах чадваргүй болтлоо доройтсон гэдгийг ч албаныхан нуухгүй байгаа. Тиймээс эхлээд хөрсөө эрүүлжүүлэх, дараа нь орчноо ногооруулах ажлыг шат дараатай зохион байгуулсан цагт л шарилж гээч хогийн ургамлаас хагацаж, харшил өвчний тархалт ч буурах магадлалтай. Жилийн дөрвөн улирлын өвөл, хаварт нь утаагаар, зун, намарт нь шарилжаар амьсгалсаар байтал эрүүл мэнд гээч харшилд “дарлуулж” дуусах нь бололтой.

Д.ДОЛГОРСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж