УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотгол бусад төсвийн тодотголоос ялгаатай. Олон улсын валютын сан/ОУВС/-гаас тавьсан нөхцөлийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна.
Чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллалаа. ОУВС-гийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.
Бүлгийн хурлаас ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ иргэдээс авах татварыг нэмэгдүүлж, төрийн зардлыг нэмэгдүүлж оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа.
Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-гийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.долларын өр тавина гэвэл Ардчилсан нам эсэргүүцнэ.
Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна” гэлээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн юм биш үү. Танай нам эрх барьж байхдаа эдийн засгийг сүйрүүлсэн?
-Ардчилсан нам улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа.
Эдийн засгийн өсөлтөд ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.
-Зээл авахыг та бүхэн эрх баригч хүчин байхдаа зөв гэдэг байсан шүү дээ. Одоо болохоор яагаад болдоггүй юм?
-Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгааг бурутгаж байгаа. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байгаа.
Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл Хуралдай гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. Төсөв мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй.
-580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол. Нэг ч төгрөг үрэхгүйгээр шилжүүлсэн гэдэг?
-580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан.
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?
-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 2 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.
-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?
-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 20 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд.
Г.ДАРЬ