Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн багш, сурагчдын асуудал хурцдаж байна. Сурагчдын зүгээс багш нарынхаа талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа нуугаагүй. Тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч “Сургуулийн багш нар нь бэлгийн дарамт үзүүлдэг, анги сургууль дээрээ хоорондоо бэлгийн харилцаанд ордог” талаар хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгвэл өнөөдөр өмгөөлөгч Г.Батбаярын хамт багш нар хэвлэлийн бага хурал хийлгэж, өөрсдийгөө өмөөрлөө.
“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог” гэх утгатай мэдээллийг “medee.mn” сайт нийтэлсэн нь ташаа мэдээлэл гэж тус сургуулийн багш нар болон сурагчдын эцэг, эхийн зөвлөл өнөөдөр /2017.04.04/ хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл бөгөөд нийтлэлийг бичсэн medee.mn сайтын сэтгүүлч Б.Уранцэцэгийг мэргэжлийн ёс зүйгүй ажилласан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандахаар болжээ.
Энэ талаар сургуулийн багш нарыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Г.Батбаяр “Дөрөвдүгээр сарын нэгэнд “medee.mn” сайтад бичсэн шиг асуудал огт болоогүй. Гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Тус сайтын сэтгүүлч нь хөгжлийн бэрхшээлтэй, Иргэний хуулийн 18-р зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс ярилцлага авч, үүнийгээ орон даяар тарааж хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байна гэж үзэн цагдаагийн газар хандахаар болсон” гэлээ. Харин энэ үеэр тус сайтын сэтгүүлч Б.Уранцэцэг өөрийн утсанд хурааж авсан яриаг сэтгүүлч нар болон сургуулийн багш ажилчдад баримт болгож сонсгосон юм. Утсан дээр хурааж авсан ярианд “Завсарлагаа болгоноор, илэх гэх мэт бэлгийн дарамт үзүүлдэг 2,3 залуухан эрэгтэй багш нар байдаг” гэж байлаа.
Харин уг бичлэгийг сонсоод тус сургуулийн сургалтын менежер Д.Алимаа “Бид зүгээр нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй. Бидэнд дохионы хэлээр тайлбарлаж буй дүрс бичлэг хэрэгтэй” гэлээ. Гэхдээ энэ мэдээлэл огт худлаа гэдгийг багш нар нотолж чадахгүй байлаа. Уг хүүхдэд хэлмэрчилж өгсөн багш хэвлэлийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Боловсролын яамнаас 29-р сургуульд шалгалт хийж байгаа ч одоогоор дүгнэлт гараагүй байгаа. Тус сургуульд 340 гаруй сурагч суралцдаг. Тэдний 140 нь эрэгтэй, эмэгтэйгээр хуваагдан дотуур байранд амьдардаг юм байна. Гэтэл хүүхдийн эрх зөрчигдөж, бэлгийн дарамтад өртсөн байж магадгүй хэрэг гарсан байтал хэргийн үнэн мөнийг олохын оронд багш нар өөрсдийгөө хамгаалсан хэвлэлийн хурал хийлээ.
Г.ТҮШИГ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ