Нотолгоогоо гаргаад ир, хариуцлага хүлээе

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Нотолгоогоо гаргаад ир, хариуцлага хүлээе

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай байсан тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдсан. Энэ асуудлаар тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалт хийх шаардлагаар 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ нэг ч төгрөгийн гүйлгээ хийгээгүй хаасан гэж хүү маань надад хэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байлаа.

Тэгвэл өнөөдөр Б.Чулуудай хэвлэлийн бага хурал хийлгэж “Оффшортой тэмцэх олон нийтийн жагсаал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Сүхбаатарын талбай дээр болсон. Тиймээс би байр сууриа илэрхийлэхийг хүслээ. 2016 оны сонгуулиар “Монгол” телевиз болон бусад хэвлэлээр намайг оффшорт данстай гэсэн мэдээллийг цацсан. Тухайн үед уг асуудлаар манай өмгөөлөгч мэдээлэл хийж байсан.  Би хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор компани байгуулж байсан нь үнэн. Гэвч энэ нь оффшор бүсэд данстай гэсэн үг биш. Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийнхэн ярьж байгаагаараа ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавих хэрэгтэй гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу би мэдэгдэл хийж байна. Надад ямар нэгэн оффшор бүсэд хийсэн гүйлгээ байхгүй” гэлээ.

Мөн тэрбээр оффшор бүсэд байгуулсан компаниа татан буулгасан байна. Гэтэл иргэн Б.Чулуудайн оффшор компанийн асуудал хувирч, өөрчлөгдөөд Э.Бат-Үүл гэдэг хүнд оффшор байгаа мэт ойлгуулсан. Ингээд 480 тэрбум төгрөг нуусан гэдэг ойлголт өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэлээ. Тиймээс энэ яриаг гаргасан этгээдүүд баримт, нотолгоотой гаргаад ирэх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ.

-Б.Чулуудай ямар үндэслэлээр хууль, шүүхийн байгууллагад хандаад байна вэ?

Өмгөөлөгч Б.Болд:

-Үндсэн хууль, Эрүүгийн хуульд тодорхой заасан байдаг. Иргэний нэр төр, алдар хүндийг  гутаасан мэдээлэл тараасан гэж үзээд, хуулийн байгууллагад хандсан. “Монгол HD” телевизээр иргэн Б.Чулуудай оффшор бүсэд дансны гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэдэг нэвтрүүлэг хийсэн. Хамгийн сүүлд нь энэ нэвтрүүлгийг баримт нотолгоо гэж үзэхгүй гэж нэвтрүүлгээ дуусгасан. Тиймээс бид шүүхэд хандсан. Нотлогдлоо гэж байгаа бол тэр баримтаа гаргаж ирээд тавих юм байх гэсэн тэгээгүй. Өнөөдөр хариуцлагатайгаар хэлэхэд энэ бүх зүйлийн цаана байгаа хүмүүс баримтаа гаргаж ирээд тавих хэрэгтэй.   

-Оффшороос гадна Э.Бат-Үүл хүүдээ дахин төлөвлөлтийн хүрээнд ажил авч өгсөн гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ асуудал дээр тайлбар хийхгүй юу?

Б.Чулуудай:

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн сонголтоор манай компани орсон. Ингээд 228 айлтай гэрээ хийх ёстойгоос 95 хувьтай нь гэрээ хийсэн. Тухайд үед АТГ-аас шалгуулсан.  Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоосон.

-Одоо гэр хорооллын дахин төлөлтийн ажил чинь юу болсон бэ?

-Бэрэн групп-д хүлээлгэн өгсөн. “Бэрэн” групп авсны дараа нийт 41 айл нүүснээс 30 гаруй айл орон сууцанд оруулсан. Үлдсэн 7,8 айлтай нь хэлэлцээр хийж байгаа. Ямар ч айл өрх хохирсон зүйл байхгүй.

-Яагаад ажлаа “Бэрэн” групп-д шилжүүлсэн бэ?

-Тухайн үед болж байна болохгүй байна гэх мэт хэл ам гарсан. Ингээд энэ ажлаас гарах нь зүйтэй гэж үзсэн. Оффшорын талаар яримаар байна. Сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл оффшор дансны асуудлаар өөрийгөө шалгуулах гэж явна. Би өөрөө АТГ-т хандсан. Энэ дашрамд дуулгахад “Монгол HD” телевиз оффшорын асуудлыг хөндлөө гээд тухайн телевизийн нэр хүндэд халдах гэсэн зорилго байхгүй. Хэвлэлийн байгууллага тэнцвэртэй мэдээлэл өгөх ёстой. Хэрэв худал үнэн нь шүүхээр тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авхуулна. Өөрсдийн нэр хүндээ сэргээлгэнэ. Харин Б.Чулуудай оффшор данстай, түүгээрээ гүйлгээ хийсэн гэдэг нь тогтоогдвол би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Сэтгүүлч Т.ДАВААНЯМ

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж