Фитнесст хичээллэхийн давуу талууд

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Фитнесст хичээллэхийн давуу талууд

via Golden Gym

Фитнессээр хичээллэх нь олон сайн талуудтай бөгөөд дараах төрлийн чадваруудыг бие хүнд бий болгоно.

✔️Биеийн ерөнхий ачаалал даах чадвар: биеийг хэт хурдан ядрахаас сэргийлэх, ажлын ачааллыг дааж сургах, ачаалал авсны дараагаар биеийг түргэн хугацаанд нөхөн сэргээх чадвар

✔️Хурд хөгжүүлэх чадвар: тодорхой хугацааны туршид тогтмол хурдтайгаар аливаа ажлыг хийж гүйцэтгэх чадвар

✔️Уян хатан байдлыг хөгжүүлэх чадвар: биеийн арьс болон булчин шөрмөсний эд эсийн нэгдмэл чанарыг хангах чадвар

✔️Биеийн зөв харьцааг барих чадвар: Биен дэх өөх тосны хэмжээг хэвийн түвшинд хүргэж, яс болон булчингийн зөв харьцааг барих чадвар. Ер нь фитнессийн ийнхүү хурдан түргэн хөгжин дэлгэрч байгаагийн гол нууц нь фитнессээр хичээллэгчид нь хэзээ ч хүнд хэцүү дасгал, хөдөлгөөн, хатуу хоолны дэглэмээр өөрийгөө ядраах, зовоох шаардлагагүйд оршдог.Фитнессээр ямар ч хүн дуртай үедээ, дуртай цагтаа, өөрт тохирох ачааллын дагуу хичээллэх боломжтой бөгөөд гол нь фитнессээр тогтмол хичээллэснээр таны авах бие болоод сэтгэлийн таашаал гэдгийг онцолмоор байна. Мэдээж хэрэг энд мэргэжлийн туслагчид буюу фитнессийн багш нарын заавар зөвлөгөөг дагах нь чухал бөгөөд системгүй зүйл ямар нэгэн үр дүнд хүргэхгүй нь ойлгомжтой.

ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:

✔️Хичээллэж эхлэхийн өмнө бие болоод сэтгэлээ тодорхой хэмжээнд бэлдсэн байх шаард­лагатай. Мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аван, биеийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлуулж, ямар нэгэн ужиг өвчин, гэмтэл зэрэг спорт, фитнессээр хичээллэхэд саад болох зүйлс байгаа эсэхийг мэдэж авснаар биеэ тодорхой хэмжээнд бэлдэнэ гэсэн үг.
Сэтгэлээ бэлдэх гэдэг нь фитнессээр хичээллэснээр таны олж авах давуу талууд, бий болох үр өгөөжийг бүрэн ойлгон, аль болох өөрийгөө дайчлан хичээллэхээ ухамсарлах, эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгох явдал юм.
Өөрийн сэтгэлд нийцэх фитнесс клубыг олж сонгон, мэргэжлийн багш нартай уулзан зөвлөгөө авч, тэдгээрийн тусламжтайгаар өөрт тохирсон фитнесс программыг боловсруулах нь чухал.

✔️Фитнессээр хичээллэхийн өмнө урдаа тодорхой нэгэн зорилт тавьсан бол үр дүнг нь заавал шалгаж бай. Жишээ нь турахаар шийдсэн бол хичээллэж эхлэхээс өмнөх болон дараах үеүдэд биеийн жингээ биеийн бүтэц тодорхойлох аппаратанд шалган үзэж үр дүнг нь харах нь чухал.

✔️Хичээл болгоны өмнө бие халаах дасгалуудыг хийж заншаарай. Шууд их хэмжээ­ний ачааллыг өөртөө өгөх шаардлагагүй. Хичээллэж дууссаныхаа дараа­гаар шүршүүрт орж байх нь зүйтэй бөгөөд энэ нь хичээллэх явцад ялгарсан тос хөлсийг биеэс зайлуулахаас гадна алжаал тайлах давуу талтай. Хичээлийн дараагаар бие организмын ус болоод витамин, эрдэс бодисын харьцааг алдаг­дуулахгүйн тулд цэвэр ус, жүүс, витаминжуулсан коктейл, сокууд болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох ургамлын цай зэргийг ууж болно.

✔️Сайн үр дүнд хүрэхийн тулд хичээнгүй байж, дасгал хөдөл­гөөнийг тогтмол цагт, тодорхой дараалалтайгаар хийж сурах шаардлагатай. Хичээллэхдээ дэндүү их хооллосон эсвэл өлссөн байх нь зохимжгүй.

✔️Дасгал хөдөлгөөнийг хийхэд биед эвтэйхэн, хөвөн даавуун материалаар хийсэн хувцсыг сонгох хэрэгтэй. Хичээллээд олж авсан энергиэрээ идэвхтэй амьдрах хэрэгтэй. Үргэлж гэрэл гэгээ, халуун дулаан хайрыг бусдад мэдрүүлж байгаарай!
Хүмүүстэй эвтэй найрсаг харилцаж, тэдэнд инээмсэглэл бэлэглэж байвал та бусдад хайр, өөртөө гоо сайхан, эрүүл мэндийг бэлэглэж байна гэсэн үг.
Гол нь бие болоод сэтгэлийн зохицлыг олсноор хүн эрүүл энх, гоо сайхан харагдана гэдгийг битгий мартаарай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж