УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1 гэхэд нээлтээ хийж ба ирэх оны төсвийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд батлах учиртай. 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг дөрвөн их наяд 176,1 тэрбум төгрөг байхаар тооцсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 29,8 хувьтай тэнцжээ. Харин ирэх оны төсвийн зарлгагын дээд хэмжээг таван их наяд 113,5 тэрбум төгрөг хэмээн мэдэгдсэн байна. Төсвийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 36,5 хувьтай тэнцэх аж. Ингэснээр төсвийн тэнцэл -937,4 тэрбум төгрөг гарч байгаа нь ДНБ-ийн -6,7 хувьтай дүйж байна. Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх халамжийн зардал 218,8 тэрбум байх аж.
Хууль тогтоогчид төсөв батлахдаа зөрүүг нь дотоодын нийт бүтээгдэхүүний -3 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн үндсэн зарчим баримталдаг. Өнгөрсөн жилийн тухайд төсвийн тэнцэл ДНБ-ий таван хувь хүрснийг хөрөнгө оруулалтын зардалд шингээн зөрүүг үндсэн зарчимдаа нийцүүлж баталж байв. Харин ирэх оных энэ зарчмаас даруй нэг хувь гаруй илүү байх нь.
2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулан бичгээр хүргүүлсэн байна. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нар энэ сарын 15-ны дотор төсвийн хязгаарт суурилсан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой юм байна.