ОХУ-ын Санкт Петербург хотын метроны буудалд өчигдөр /2017.04.03/ өдөр болсон дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 51 гаруй хүн гэмтэж бэртсэн. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дөрвийнх бие маш хүнд байгааг Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова сэтгүүлчдэд мэдээлсэн. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дийлэнх нь яаралтай хагалгаанд орсныг бас хэлсэн байна.
ОХУ-ын эрх баригчид энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж үзэн хэргийг тусгайлан мөрдөх хэсгийг байгуулан ажилдаа ороод байна. Мөрдөх хэсгийн эхний таамгаар дэлбэрэх бөмбөгийг амиа золиослогч ажиллуулсан гэж үзэж байна. Мөн 23 орчим насны залуу байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.
Дэлбэрэлт гарах үед Санкт Петербугр хотод байсан Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон метроны буудалд очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьсан. Үүний Санкт Петербург хотын Онцгой байдлын албаны шуурхай хуралд оролцжээ.
Санкт Петербург хотын захиргаанаас амиа алдагсдын ар гэрт тусламж болгон 23 сая рубль гаргаж байгаагаа хотын орлогч дарга Анна Митянина хэллээ. Талийгаачдын ар гэрт тус бүр нэг сая, хүнд бэртсэн хүмүүсийн ар гэрт 500 мянга, хөнгөн бэртсэн хүмүүст 250 мянган рубль хуваарилах ажээ.
Хэрэг гарах үед вагоны машинист нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, цувааг зогсоолгүй дараагийн буудал руу хүргэсэн нь зорчигчдыг шуурхай зөөвөрлөх ажлыг хөнгөвчилсөн гэж үнэлж байгаа ажээ.
Хэргийг Казахстан улсын харъяат 22 настай Максим Арышев үйлдсэн байж магадгүй гэсэн таамаг хэвлэлээр тараад байна. Максим Арышевийн цогцосны байдал дэлбэрэлтийн цөмд байсан байж болох шинж тэмдэг байгаа нь ийм таамаг хийхэд хүргэжээ. Түүний биеэс оюутны үнэмлэх, Казахстаны иргэний паспорт олжээ.
Казахстаны Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ануар Жайнаков дэлбэрэлтэд тус улсын иргэн өртөөгүй гэдгийг мэдэгдээд террорист үйлдэлд Казахстаны иргэн холбогдсон хэмээн дүгнэх нь эртэднэ гэдгийг сануулсан байна. Мөн түүний гэрэл зургийг Арышев биш хэмээн нотолжээ.
Дэлбэрэлт болсоны дараа Максимын ээж Алма Ата хотоос Санкт Петербург дэх Казахстаны Консулын газар руу утасдаж хүүтэйгээ утсаар холбогдохгүй байгааг хэлжээ. 1996 онд төрсөн Максим Витальевич Арышев Москвад найз бүсгүй болон хамаатнуудын хамт амьдарч байжээ. Хэрэг гарахаас өмнө буюу 14.30 цагийн үед хамаатнуудтайгаа холбоо барьсан бөгөөд хичээлээ тараад харьж явна гэж хэлсэн хэмээн мэдүүлжээ. Дэлбэрэлт 14.40 цагт болсон юм.
А.ТУЛГА