Петербургт амь үрэгдсэн хүний тоо 11 болов

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Петербургт амь үрэгдсэн хүний тоо 11 болов

Дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гаригийн үдээс хойш Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 11 хүн амиа алдаж, 45 хүн гэмтэж бэртлээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс гурвынх нь бие хүнд байгаа ажээ.

Санкт Петербург хотод гурав хоногийн гашуудал зарлаад байна.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 14.40 цагт болсон бөгөөд “Сенная площадь” буудлаас “Технологический институт” буудал хүрэх замд явж байсан цувааны нэг вагонд дэлбэрлсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан дэлбэрэх бөмбөгийг цүнхэнд хийн вагонд үлдээсэн гэж таамаглаж байна. Метроны буудлын хяналтын камерийг шүүж байгаа ч сэжигтэй этгээдийг олоогүй байна.

Дэлбэрэлт болсоны дараа “Площадь Восстания” буудлаас өөр нэг дэлбэрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгосон тухай мэдээлж байна. Энэхүү аюулгүй болгосон бөмбөг дэлбэрсэн бөмбөгөөс илүү хүчин чадалтай байсан гэж хууль хяналтынхан үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Санкт Петербург хотноо ажиллаж байсан юм. Тэнд тэрбээр Беларуссийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой албан ёсны уулзалт хийсэн юм.

Ерөнхийлөгч Путин дэлбэрэлт болсон газар өөрийн биеэр ирж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьсан байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж