Хаврын чуулган хаалга тогшлоо

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган хаалга тогшлоо

Хаврын чуулган хаалга тогшиж, хууль тогтоогчдын завгүй өдрүүд эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ.

УИХ-ын дарга эзгүй ч Япон улсыг зорихын өмнө 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг жагсаасан захирамжийг гаргаж амжсан байна. Эл дарааллаар УИХ тэргүүн ээлжинд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн төслүүд жагсчээ.

Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр төсөөлсөн.

Төсвийн тодотголыг өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан 2017 оны төсвийн хуультай харьцуулахад алдагдлын хэмжээ 300 тэрбумаар өссөн байгаа юм.

Төсвийн алдагдал өссөн шалтгааныг хууль тогтоогчдын зүгээс зардал өссөнтэй холбож байгаа бол Засгийн газар энэ онд төлөх бондын төлбөрийн дарамт их байгаатай холбож буй. Тодруулбал, төсвийн алдагдлын 2.7 их наядын 1.3 их наяд нь зөвхөн бондын төлбөр эзэлж байна.

Төсөвт тодотгол хийх хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон нь долоон ч төрлийн татварыг хөдөлгөх болсонтой холбоотой.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын валютын сан/ОУВС/-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан тохиролцоонд хүрэхдээ долоон төрлийн татвар нэмэх амлалт авсан юм. Үүнээс энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж мэдэх татвар бол хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах татвар. Бусад татварын нэмэгдлүүд нь 2018 оноос хэрэгжүүлэхээр заасан. Гэхдээ УИХ-ын төвшинд татварын нэмэгдлийг хэлэлцэхдээ хугацааг нь өөрчлөх, мөн зарим төрлийн татварыг ногдуулахгүй байх эрх ч бий.

УИХ дахь МАН-ын бүлгээс барьж буй бодлогоор Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрөөс буцах бодолгүй байгаа. Тиймээс татварын хөнгөлөлт эдлүүлэх болов уу гэж найдахад бэрхтэй.

УИХ-аар хэлэлцэх хоёр дахь томоохон төсөлд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд багтжээ.

Гурав дахь анхаарал тавих асуудал нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

УИХ намрын чуулганаараа эл асуудлыг хэлэлцэж байсан ч зөвхөн төмрийн хүдрийг зөөхөд зориулсан төмөр зам барих нь учир дутагдалтай гэж үзсэнээр Засгийн газрын оруулж ирсэн төслийг буцаах шийдвэр гаргасан. Иймээс төсөл санаачлагчдын санал болгох төсөл нь Тавантолгойн нүүрсийг экспортод гаргах маршруттай байх нь чухал болж буй.

Хэлэлцэх асуудлын 20-д жагссан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл аж.

УИХ-ын барьж байгаа бодлого нь Үндсэн хуульд орвонгоор нь өөрчлөлт хийх боломжгүй гэж үзэж буй юм. Нэг үгээр хэлбэл, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал л хөндөгдөнө. Энэ хүрээнд төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй, оновчтой болгох, хариуцлагын тогтолцоог Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх, шийдвэр гаргах механизмыг тодорхой болгох гэсэн бүлэг асуудлыг тойрч асуудал хөндөгдөж мэдэхээр байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж