БНСУ-д дэлхийн тав дахь өндөр барилга нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

БНСУ-д дэлхийн тав дахь өндөр барилга нээгдлээ

Өндрийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэх тэнгэр баганадсан барилга БНСУ-ын нийслэл Сөүл хотод өчигдөр /2017.04.02/ нээлтээ хийлээ. Хан мөрний эрэгт сүндэрлэх Lotte World Tower нэртэй энэ цамхаг 123 давхар, 554.5 метр өндөр. Барилгын хамгийн дээд давхрыг аль эрт 2015 оны арванхоёрдугаар сард барьж гүйцээсэн ч бараг жил хагасын дараа ийнхүү албан ёсны нээлтээ хийсэн юм.

Lotte World Tower нь жилдээ долоон сая гаруй зочны хөлд дарагддаг, дэлхийд алдартай Lotte World паркийн зэргэлдээ баригджээ. 123 давхар барилгад долоон одтой зочид буудал ажиллана. Мэдээж Сөүл хотыг бүхэлд нь тольдох ажиглалтын тавцантай, цамхгийн дээд давхарт тансаг зэрэглэлийн ресторан байрлана.

Цамхгийн зураг төслийг гүйцэтгэсэн архитекторууд байгальд ээлтэй талаас нь бодолцож, нарын зайн хураагуур, салхин турбин болон ус цуглуулах системийг цогц байдлаар шийджээ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР 5 БАРИЛГА

  1. БУРЖ ХАЛИФА /Арабын нэгдсэн Эмират/ – 828 метр

  2. ШАНХАЙ ТАУЭР /Хятад/ – 632 метр

  3. АБРАЖ АЛЬ-БАИТ /Саудын Араб/ – 601 метр

  4. ПИНАНЬ САНХҮҮГИЙН ТӨВ /Хятад/ – 600 метр

  5. ЛОТТЕ УОРЛД ТАУЭР /Өмнөд Солонгос/ – 554.5 метр

Арабын нэгдсэн Эмиратын Дубайд байрлах Бурж Халифа цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга юм. 163 давхар, 828 метр өндөр тус цамхаг орчин цагийн чиг хандлагыг исламын уламжлалт хэв маягтай хослуулжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж