-40 гаруй улсын төлөөлөл болсон залуус Улаанбаатар хотноо чуулна-
Өнгөрсөн онд Монгол Улс Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан билээ. Тэгвэл энэ онд Улаанбаатар хотноо дэлхийн залуучуудын чуулга уулзалт болох гэж байна. Тодруулбал ирэх зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд JCI ASPAC буюу Жэй Си Ай, Ази –Номхон далайн бүсийн чуулган болох юм. Энэхүү чуулганд 40 гаруй улсын 3000 манлайлагч, бизнес эрхлэгч залуус хуран чуулах аж. JCI ASPAC Улаанбаатар хотноо болох болсонтой холбогдуулан өнөөдөр/2017.04.03/ JCI Монгол байгууллагаас хэвлэлийн хурлыг “Blue sky”-д зохион байгууллаа.
АСПАК-ИЙГ УЛААНБААТАРТ ЯАГААД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛОВ?
АСПАК буюу JCI байгууллагын нэгэн томоохон арга хэмжээ бол Ази Номхон далайн бүсийн чуулган юм. JCI буюу Junior Chamber International байгууллага нь дэлхийн олон оронд байгаа ч Азийн орнууд хамгийн идэвхтэй, харилцаа холбоотой байдаг байна. Тиймээс Ази-Номхон далайн бүсийн чуулганы нэр хүнд, хамрах хүрээ өргөн болдог аж. Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 40 гаруй улсын 3000 гаран салбар салбарын манлайлагч, бизнес эрхлэгч залуус хуран чуулдаг. АСПАК-ийг зохион байгуулах улсыг жил бүр тодруулдаг бөгөөд Улаанбаатар хотыг дараах гурван шалтгаанаар сонгожээ.
Шинэ хөгжлийн зам дээр гарсан Монгол орны хөгжилд хувь нэмэр болохуйц санал санаачлагад дуу хоолойгоо хүргэх
Залуусын хот гэж нэрлэгддэг Улаанбаатартай танилцах, түүхэн улсын, түүхэн хотод, түүхэн арга хэмжээнд оролцох
Нээлттэй, зочломтгой монголчуудын зан заншил, соёлыг мэдэрч, мэдлэг боловсролтой амжилттай яваа залуустай бизнесийн хамтын ажиллагаагаа эхлэх, хөгжүүлэхэд оршино.
Энэхүү арга хэмжээний үеэр аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарах бөгөөд зорилготой, ажил хэрэгч, бүтээлч залуус хэдэн зуугаараа тухайн улсад зочлон олон чухал сэдвүүдээр хурал, уулзалт, сургалт, мэдээлэл солилцооны их гүүр болох юм. Мөн JCI ASPAC арга хэмжээгээр дамжуулан Улаанбаатар хотыг дахин дэлхийн дахинд сурталчилах бүрэн боломж нээгдэх аж.
АСПАК-ИЙН ӨГӨӨЖ ЮУ ВЭ?
JCI AСПАК-ийн үеэр нэгдсэн хуралдаан, сургалт хөгжил, нээлттэй форум, international nights болон монгол наадам арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэхүү чуулганд оролцож байгаа залуус улсын төсвөөс ямарваа нэгэн зардал гарахгүй, гишүүдийн хураамж болон ивээн тэтгэгч байгууллагуудын тусламжтайгаар зохион байгуулдагаараа онцлогтой аж. 40 гаруй улсын төлөөлөл болсон залуус бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна олон эерэг санаа санаачлага гарч Монгол Улсыг дахин дэлхий дахинаа сурталчилах томоохон гарц нээгдэх билээ.
ASPAC НЬ ОЛОН УЛСЫН ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ ХЭДИЙ Ч ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ЗАМ ХААХ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТ ГАРАХ ЗЭРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛДЭГГҮЙ
Мөн Монгол улсын эдийн засагт 7-10 сая ам.долларын худалдан авалт үүсгэнэ. Бизнесийн нээлттэй боломжуудыг бие биедээ олгохоос гадна туршлага судлах, олон талт хамтын ажиллагаануудын эхлэх болох юм. Энэхүү чуулганаар дамжуулан аялал, жуулчлалын томоохон арга хэмжээг зохион байгуулж, Улаанбаатар хотыг дэлхийн улс оронд үнэгүй сурталчилах боломж нээгдэхийг JCI Монгол байгууллагаас мэдээллээ.
JCI МОНГОЛ БАЙГУУЛАГАД 13 САЛБАРТ 800 ГАРУЙ ИДЭВХТЭЙ ГИШҮҮД БИЙ
JCI /Junior Chamber International/ байгууллага нь 1915 онд АНУ-д үүсэн бөгөөд дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянган идэвхтэй, нэг сая гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Мөн Нэгдсэн Үндэсний байгууллага, Олон улсын худалдааны танхим, Пан Америкийн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт явуулж байна. JCI Монгол байгуулагад 13 салбарт 18-40 насны 800 гаруй идэвхтэй гишүүд байдаг аж.
Ч.БОЛОР