Т.Энхбат Мариинский театрт гоцлох уу?

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

Т.Энхбат Мариинский театрт гоцлох уу?

Уртын дууч, гавьяат жүжигчин Ц.Түвшинжаргалын хүү Т.Энхбат ОХУ-ын Мариинский театрын залуучуудын багийн гоцлол дуучнаар ажилладаг билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 26-д тус театрын тайзнаа тавигдах “Кармен” дуурийн Эскамильод дуулахаар болжээ. Т.Энхбат энэхүү дүрд дуулахын тулд таван дуучинтай өрсөлдөж, тэнцсэн байна. Түүний хувьд тус театрын залуучуудын багаас жилийн хугацаанд хамгийн олон удаа буюу 15 дүр бүтээсэн дуучнаар тодроод байгаа аж. Т.Энхбат 13 удаа хөгжмийн зохиолч Баневичийн “Кая и герды” дуурийн гол дүрд дуулсан байна. 14 дэх нь Италийн хөгжмийн зохиолч Жорданогийн “Сибирь” дуурийн Глебийн дүр аж. Тэгвэл 15 дахь нь “Кармен” дуурийн Эскамильо болж байгаа юм байна. Түүний хувьд залуучуудын багаас театрын гоцлол болохын тулд маш сайн хөдөлмөрлөж хичээх хэрэгтэйг нэгэн ярилцлагандаа дурджээ.

Өнгөрсөн онд болсон Н.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн түүнийг Засгийн газрын шийдвэрээр 19 сая төгрөгөөр шагнахаар болсон юм.  

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж