Хятад улс 233 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Хятад улс 233 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөжээ

Ашигт малтмалын газар долоогоос 14 хоног тутамд, ЭБЭХЯ сар бүр нүүрсний үнэ ханшийг гаргаж, өөрсдийн цахим хуудсанд байршуулж олны хүртээл болгож байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр  Монголын болон Австралийн коксжих нүүрсний үнийг харьцуулахад  нүүрсний төрөл болон үзүүлэлтээрээ төстэй боловч үнийн зөрүү нь асар их байна.  Өөрөөр хэлбэл, Хятад улс  Австралийн коксжих нүүрсийг  Монголынхоос 2,22-2,28 дахин үнэтэйгээр  худалдан авч байгаа юм.

Хятад улс бол дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс. Тус улс 2009 онд 126 сая тонн нүүрс импортлосон бөгөөд үүнийг 2008 оныхтой харьцуулахад 211,9 хувиар нэмэгджээ.  2010 онд нийт 166,2 сая тонн нүүрс импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 32 хувь өссөн үзүүлэлт аж.

Цаашид Хятадын нүүрсний хэрэглээ  нэмэгдэх төлөв бий.  “Сити” группын тооцоолсноор 2011 онд Хятад улс 233 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөжээ.  Тус улс 2010 онд 3,0 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн. Тэгвэл  2020 он гэхэд 4,5 тэрбум тонн нүүрс хэрэглэх тооцоог гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа  дэлхийн эрчим хүчний нийт экспортын 1/5 хувь нь Хятад руу чиглэнэ гэсэн үг юм. Энэ үед Хятад улс гадаадаас 800 сая тонн нүүрс импортлох шаардлага гарна гэж Ашигт малтмалын газрын /АМГ/ Нүүрс судалгааны хэлтэс мэдээлжээ.  Чухам ийм үүднээс өмнөд хөрш гадаадын  нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулахыг дэмжиж, импортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын тээврийн нөхцлийг сайжруулах, нүүрсний тээвэрлэлтийн баталгааг хангах чиглэлийг баримталж байгаа аж. Нүүрсний импортын үнэ өсөж буйг аль болох хязгаарлах арга хэмжээг Хятадын  уул уурхайн салбарынхан  мөн авч эхэлжээ.

Монгол улсын нийт экспортын 32 хувийг нүүрс эзэлж байгаа. Үүнийг бараг 100 хувийг Хятадад нийлүүлдэг. Ойрын жилүүдэд энэ хэмжээ 40-50 сая тоннд хүрэх бөгөөд 2025 он гэхэд 90 сая тоннд хүрнэ гэж АМГ судалгаандаа дурьджээ.

Дашрамд өгүүлэхэд, манай улсын хувьд  2008 онд 9.4 сая тонн нүүрс олборлосноос 5.2 сая тонныг дотооддоо хэрэглэж, 4.2 сая тонныг экспортолж байв.  Харин 2009 онд энэ үзүүлэлт огцом өсч,  19.8 сая тонн  нүүрс олборлон, 14 сая тонныг дотооддоо нийлүүлсэн бөгөөд  5.8 сая тонныг экспортложээ.  2010 онд нийт 25 сая  тонн нүүрс олборлож, 18.2 сая тонныг экспортолжээ. Өдгөө төсвийн гуравны нэг хувийг нүүрснээс бүрдүүлэх болсон нь үүнтэй холбоотой юм.   

2009 онд улсын төсөвт алтнаас 60.5 тэрбум, нүүрснээс 75.8 тэрбум, зэсээс 237.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2011 онд уул уурхайн салбараас нийт 873 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн байна  гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.  
                                                                                                                                           

Г.Идэр

                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж