“Жигүүр”-ийн зохицуулагч

Хуучирсан мэдээ: 2017.04.04-нд нийтлэгдсэн

76:1

“Жигүүр”-ийн зохицуулагч

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдсон түшээ бол Ж.Бат-Эрдэнэ юм. Тойргоо дөрвөн жил усалж УИХ-д сонгогдсон шинэ “цэрэг”.

Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус суралцан төгсчээ. Инженер, эрх зүйч мэргэжилтэй.

Эрхүүд суралцаж байхдаа ганзагын наймаа хийн одтой оюутны тоонд багтаж явжээ.

Ажлын гараагаа ОХУ-ын Рыпкооп улсын үйлдвэрийн газар менежерээр эхлүүлж, 2004 оноос Ардын намын ах нартайгаа хамтран Уламжлал шинэчлэл, ардчилал, шударга ёс жигүүр байгуулан ерөнхий зохицуулагчаар нь ажиллах болсон. Жигүүрийг санаачлагчид МАХН /одоогийн МАН/-д шинэчлэл хийх шаардлагатайг уриалж, нэг хүний дарангуйлал тогтоохыг эсэргүүцэж байсан ч одоогийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын сүрдүүлэгтэй ч тулж явжээ.

Гэхдээ тэд Их хурлаа хийлгэж, нам дотроо бугшаад байсан зарим зүйлүүдийг ил гаргаж, тодорхой ойлголцолд хүргэж чадсан ч эцэстээ албан тушаалд дөрлүүлсэн гэх нь бий. Жигүүрийг санаачлагч Ө.Энхтүвшин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болсон бол ерөнхий зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд суужээ.

Жилийн дараа 2008 оны УИХ-ын сонгууль болж, МАН Засгийн эрхийг гартаа авснаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажилласан байна. Мөн Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба давхар хашжээ. Улс төрийн намууд доторх боловсон хүчнүүдээс хамгийн удаан хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан цөөхөн хүмүүсийн нэг гэж хэлж болно.

Засгийн газар солигдох бүрийд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар солигдож, өөрчлөгддөг. Харин түүнийг эл албыг хаших үед нам нь эрх барьж байсны хүчинд харьцангуй тогтвортой ажиллаж чаджээ.

УИХ дахь 65-ын бүлэгт өнөөдөр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг “А”, “Б”-гүй ярих цөөн хүний нэг нь Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг гэж хэлж болно. УИХ энэхүү бодлогыг 2011 онд баталсан бөгөөд боловсруулахад нь гардаж ажилласан байдаг.

Тэрбээр уул уурхайн томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдож төлөвлөгдсөн төмөр замуудыг богино хугацаанд барьж дуусгах ёстой гэсэн байр суурь барьдаг. Гэвч одоо хэр нь уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах төмөр зам баригдаагүйд шүүмжлэлтэй хандаж ирсэн нэгэн юм.

МАН-д Бат-Эрдэнэ нэртэй хэд, хэдэн гишүүн бий. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэтэй андуурах тохиолдол цөөнгүй. Гэхдээ олон нийт “Сахалт Бат-Эрдэнэ” гэж тодотгодог.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд дунд төрд алба хашиж байсан хүн цөөн. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд бусадтай нь харьцуулахад бас ч гэж төрийн ажлыг гадарлахтайгаа, менежерээс агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх мэтчлэн алба хашсаар 10 гаруй жилийг төрд зориулсан.

Ардчилсан нам МАН-аас томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөхөд Булган аймгийн МАН-ын хорооны дарга болж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангасан байдаг.

УИХ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тойргуудыг өөрчилсөн ч Булган аймгийн мандатыг нэмээгүй, хуучнаар нь нэгээр үлдээсэн ч нэгхэн мандат дээр өрсөлдөн ялснаар одоо тус тойргийн 60 мянга орчим иргэнийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1983 онд

Нийслэлийн 75 дугаар дунд сургууль

1989 онд

ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

1998 онд

Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1990-1992 онд

ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер

1994-2000 онд

“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал

2000-2004 онд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга

2007-2012 онд

Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2008-2012 онд

Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2012 онд

МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2013-2016 онд

Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж