-Бүжгийн багш Б.Хулан тэмцээн будилантуулж, мөн зохион байгуулалтын алдаа гаргасан бол концертмейстэр Ц.Оюунчимэг хууль бусаар сургалт зохион байгуулсан гэдэг үндэслэлээр ажлаас нь халжээ-
Монголын хүүхдийн ордны зарим багш нарыг халах шийдвэр гарсныг тэд эсэргүүцэж байна. Тодруулбал, тус ордны бүжгийн багш Б.Хулан, төгөлдөр хуурч-концертмейстэр Ц.Оюунчимэг нарыг өчигдөр/2017.04.03/ ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ. Үндэслэлгүй ажлаас халсан гэсэн мэдээллийг багш нар өгсөн бол бид хуулийн дагуу хариуцлага тооцсон хэмээн захирлын зөвлөл хэллээ.
ГАДААД ХАРИЛЦААНД НОЦТОЙ АЛДАА ГАРСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд морин хуур, төгөлдөр хуур, бүжиг, дуулаач, драм, амьдрах ухаан, англи, япон хэлний зэрэг дугуйланд 2400 гаруй сурагчид хамрагддаг байна. Тус ордны хуваарийн дагуу төлөвлөгөөт уралдаан ээлжлэн болдог байгаа аж. Өчигдрийн хувьд “Дуулах өв” дууны уралдаан болж байсан юм. Харин үүнтэй зэрэгцэн бүжгийн танхимд багш нар болон эцэг, эхийн төлөөлөл цуглаж, ажлаас үндэслэлгүй халагдсан багш нарын талаарх мэдээллийг өгч байв.
Тус ордонд 10-аад жил ажилласан бүжгийн багш Б.Хулан дараах тайлбарыг өглөө. “Намайг үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Би 10-аад жил энэ байгууллагад ажиллахдаа хүүхдийн ирээдүйн төлөө их зүйлийг хийлээ. Намайг ажлын алдаа гаргасан гэж цалингийн 20 хувиар торгосон байна. Үүнийг би мэдээгүй. Өнөөдөр мэдлээ. “Дэгдээхэй” цэнгээнт бүжиг, “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн тэмцээнийг муу зохион байгуулж, шүүлтэнд нөлөөлсөн гэдэгт санал нийлэхгүй байна.” гэсэн юм.
Харин тус ордны захирал Б.Цэнгэлмаа дараах тайлбарыг өглөө. “Бүжгийн багш Б.Хулан, концертмейстэр нарыг хуулийн дагуу ажлаас халагдах тушаал өнөөдөр/2017.04.3/ гарсан. Хоёр багш удаа дараа захиргааны хариуцлагын алдаа гаргасан. Б.Хулан багш олон жил “Дэгдээхэй нас” бүжгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг байсан ч энэ жил бүртгэл болон шүүлтэнд алдаа гаргасан. Мөн Энэтхэгийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг байсан “Ганга мөрний уянга” тэмцээнд алдаа гаргаж, ажлын хариуцлага алдсан байгаа. Мөн концертмейстэр Ц.Оюунчимэг найман хүүхдэд хууль бусаар хичээл зааж байсан нь тогтоогдсон. Энэ мэтчилэн багш нар захиргааны алдаа гаргасан учир хуулийн дагуу ажлаас халах тушаалыг гаргасан.” гэв.
Ц.ХУЛАН, Ц.ОЮУНЧИМЭГ НАРЫГ АЖЛААС ХАЛАХ, Ч.НЭРГҮЙД ЦАЛИНГИЙН 20 ХУВИЙН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ТУШААЛ ГАРЧЭЭ
Бүжгийн “Дэгдээхэй нас”, “Ганга мөрний уянга” тэмцээнийг багш Ц.Хулан 10-аад жил хариуцан хийжээ. Гэтэл энэ жил тус “Дэгдээхэй нас” тэмцээнд түрүүлсэн Дорноговь аймгийн багийг Орхон аймгийн нэр орсныг мэдсээр байж, нуун дарагдуулсан, улмаар шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрийн нөлөөний хүнийг тавьсан гэв. Мөн жил бүр Энэтхэгийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг “Ганга мөрний уянга” тэмцээний зохион байгуулалтад алдаа гаргажээ. Тодруулбал, сарын өмнө тус яаманд мэдэгдэх ёстой байсан албан бичгийг өгөөгүй гэв. Мөн концертмейстэр Ц.Оюунчимэг сургалтын албанд мэдэгдэлгүй найман хүүхдийг төлбөртэй сургаж байсан нь тогтоогдсон байна. Ийн учир сургалтын албаны дарга Ч.Нэргүйд цалингийн 20 хувийн шийтгэл ноогдуулсан бөгөөд багш Ц.Хулан, концертмейстэр Ц.Оюунчимэг нарыг ажлаас халах болсон байна. Тус ордонд 10-аад жил ажилласан нэр хүндтэй багш нарыг халж байгаад сурагчид болон эцэг, эх гомдолтой байгаагаа энэ үеэр хэлж байв.
Бид энэхүү мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР