Үндэсний статитистикийн хорооны мэдээллээр 2017 оны хоёрдугаар сарын дунджаар Лондонгийн металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ 5941.6 ам.доллар болж, өмнөх сараас 204.1 (3.6%) ам.доллар, өмнөх оны мөн үеэс 1346.1(29.3%) ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.
Цаашид зэсийн үнэ ханш ирэх 10 жилүүдэд өсөх хандлагатай байна хэмээн олон улс таамаглажээ. Тодруулбал, Дэлхийн Банкнаас улирал тутамд гаргадаг “Түүхий эдийн зах зээлийн тойм” тайланд 2030 он гэхэд зэсийн үнэ өсөлттэй байх бөгөөд тонн цэвэр зэс 7000 ам.долларт хүрнэ хэмээн тусгажээ.
Харин Монгол улс 2017 оны төсөвтөө тонн цэвэр зэсийн үнийг 5400-5800 ам.долларын хооронд эргэлдэхээр тооцоолсон байна.
БНХАУ-ын Засгийн газар “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд хэд хэдэн төмөр зам барихаар төлөвлөсөн. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн өсөлтийн хэмжээ нэг их наяд ам.долларт хүргэх амлалт өгсөн зэрэг нь 2017 онд дэлхийн зэсийн хэрэглээ нь 3.5 хувиар өсөх хүлээлттэй байгаа ажээ.
Хэрвээ БНХАУ төмөр замаа бариад эхэлвэл зэсийн эрэлт эрс нэмэгдэж, энэ металлыг үйлдвэрлэгчид өнгөрсөн хугацаанд бүх алдагдлаа нөхөж, муугүй ашиг олох боломжтой хэмээн судлаачид харж байна. Мөн АНУ болон Европын орнуудад аж үйлдвэржилтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед зэсийн эрэлт хэрэгцээ эдгээр улсуудад ихсэх хандлагатай байгаа аж. Хэдийгээр зэсийн эрэлт, үнэ нэмэгдэх сайны дохио ч хомсдол үүсэх магадлалтай гэдгийг шинжээчид анхааруулж байна. Учир нь зэсийн дэлхийн нөөц дээрх хэрэглээг гурван сарын турш л хангах боломжтой ажээ.
Үүнээс гадна дэлхийд томоохон зэсийн уурхайд тооцогдох Чилийн “Escandida” уурхай өнгөрсөн хоёрдугаар сард 1.2 сая тонн зэс олборлосон тухай жилийн эцсийн тайландаа дурджээ. Харин Индонезийн Засгийн газар зэсийн баяжмалын экспортын лиценз цуцалсантай холбоотой тус улсын “Grasberg” зэсийн уурхай олборлолтоо зогсоожээ. Уг уурхай жилдээ ойролцоогоор 650 мянган тонн зэс олборлодог байжээ.
Бэлтгэсэн: Э.УРАНЦЭЦЭГ