Сүүлийн өдрүүдэд улс төрийн салхи ширүүсч, энд тэндээс өрдөх эзэн олонтой хаврын “түймрүүд” босч эхлэв.
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт гэх мөлжиж дуусдаггүй нэгэн сэдэв бий болжээ. Тэр ч бүү хэл С.Баярцогт судлал, Баярцогтоор хичээллэлтэд гаршсан, Баярцогтоор амьдралаа залгуулдаг хүмүүс ч цөөнгүй болсон. Гэтэл С.Баярцогт бол өнөөдөр Ардчилсан намын гишүүн гэх ганц сэтрээс өөр юу ч үгүй, энгийн нэгэн иргэн. Энэ хүний тухай мянга муулж, мянга сайлаад ч Монголын улс төр болоод эдийн засагт ямар ч хонжоо, хожил үгүй гэсэн үг. Тэр тусмаа энэ хүний тухай хов жив эдийн засагт онцын ач холбогдолгүй. Гэтэл энэ сэдэв загвараас огт гарахгүй байгаа нь ард нь өөр зорилго байгаа юм биш биз гэх хардлага дагуулна.
АРДЧИЛСАН НАМЫН ДОТООД СОНГУУЛЬТАЙ ЗЭРЭГЦЭЭД ЭРХ БАРИГЧИД УУЛЫН БАЯЖУУЛАХ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ ЗУУН ХУВЬ ТӨРӨӨС БҮРДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН НЬ МОНГОЛЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ СЭДЭВ БОЛЛОО.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-д 49 хувь эзэмшигч “Монголын зэс” компаниас томилсон Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарын оронд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилжээ. Энэ үйлдэл нь ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болох иргэн өмчтэй байх эрхэнд шүүхийн шийдвэргүйгээр халдсанаараа Монголын төр дээрэмчин гэдгээ харуулав.
Өнгөрсөн оны зургадугаар сарын 28-наас буюу УИХ-ын сонгуулийн санал хураах өдрийн өмнө Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг оросуудын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани худалдан авснаар Монголын өмч Монголдоо 100 хувь ирсэн хэмээн мэдээлсний дараагаас л энэ сэдэв улс төрийн улаан хэрүүл болж хувирсан.
УГААСАА АЛЬ НЭГ ХЭРҮҮЛИЙГ АРЧИЛЖ ТОРДОН УРГУУЛАХДАА ГАРАМГАЙ МОНГОЛЧУУД “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ЗУУН ХУВЬ МОНГОЛД ИРСЭН ГОЛ УТГЫГ УЛС ТӨР БОЛЖ ХУВИРГАСАН. ЭНЭ НЬ ЭДИЙН ЗАСАГ, УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ЯМАР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БУЙГ ӨНӨӨДӨР ДҮГНЭХЭД ЭРТДЭНЭ.
Монгол Улс ардчилсан орон. Ардчилсан улсад төр гуравхан зүйлийг хамгаалах үүрэгтэй. Тэр нь хүний аюулгүй байдал, хүний эрх, хөрөнгө юм. Гэтэл төр нь хувийн өмчид халдаж байхад Ардчилсан нам өнөөг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй, дотоод сунгаа, гэр дотохх хэрүүлдээ ач холбогдол өгсөөр байгаа нь харамсалтай.
Шинэчлэл нэрийн дор бужигнасаар буй Ардчилсан нам өнөөдөр С.Баярцогтын нэр дэвших, дэвшихгүйн тухай хэлбэрдэж сууснаас Эрдэнэтийн асуудалд илүү анхаармаар болжээ. Хувийн өмчийг төр булаан авах нь өнгөрсөн 26 жилийн турш бий болгож ирсэн Монголын ардчилсан нийгмийн тулгуур үнэт зүйлтэй хэр нийцэж байгааг Ардчилсан намынхан өнөөдөр Ардын намынхнаас асуух эрхтэй. Тэд хэдийгээр УИХ-ын сонгуулиар есөн суудалтай үлдсэн ч нийт сонгогчдын бараг тал хувийн саналыг авсны хувьд ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалахын төлөө тэмцэх ёстой бус уу. Өөр хоорондын жижиг эрх ашиг, нам дахь албан тушаалын маргаанаас эдийн засгийн асуудлууд чухал биш гэж үү. Тулга тойрсон хэрүүл, тогоон доторх асуудлаасаа хальж сэтгэж байж л Ардчилсан нам алдсан эрх мэдлээ олж авна даа.