“Альянс Тех Харцага”, ”Увс нуур”-ын хожил үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

“Альянс Тех Харцага”, ”Увс нуур”-ын хожил үргэлжлэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн улирлын ээлжит тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зааланд болж байна. Лигийн ээлжит тоглолтууд өнгөрөгч бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд найман баг өрсөлдөж байгаа юм. Ингээд бямба гаригт болсон тоглолтын мэдээллийг хүргэе.

“АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА” ХОЁР ДАХЬ ХОЖЛОО БАЙГУУЛАВ

“Альянс Тех Харцага” – “Баянхонгор Ирвэсүүд” 87:69

“Альянс Тех Харцага”, “Баянхонгор Ирвэсүүд”-тэй учраа таарсан. Эхний үед Баянхонгор Ирвэсүүд-ийн тоглогчид алсын зайн шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэсэн. Гэхдээ хоёрдугаар үед харцагын залуусын тоглолт сэргэж, онооны давамгайллыг авч гуравдугаар үед 10 оноогоор илүүрхэж эхэлсэн. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Харцага өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй. Улмаар тэд учраагаа 87:69-өөр буулган авч, улирлын хоёр дахь хожлоо авлаа. Олон талт тоглолт үзүүлсэн Харцага багийн холбогч Карл Блэйр 16 оноо, 11 самбар, 13 оновчтой дамжуулалт өгч, улирлын хоёр дахь трибль-даблиа гүйцэтгэв. Мөн Э.Дөлгөөн 24 оноо, 13 самбар, О.Цэлмэг 23 оноо авчээ. Харин Ирвэсүүдээс Чадраабал 11 оноо, 11 самбар авсанбайна.

“УВС НУУР” ЭЭЛЖИТ ХОЖЛОО БАЙГУУЛАВ

“Увс Нуур” – “Сүхбаатар Залуучуудын шигшээ” 83:72

Хоёр дахь тоглолт “Увс Нуур”, “Сүхбаатар залуучуудын шигшээ”-ийн хооронд боллоо. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд эхний хагас тэнцүүхэн өндөрлөв. Гуравдугаар үед хоёр баг тэргүүллээ олон удаа солилцсон. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Увс Нуур” багийн залуус хамгаалалт сайн хийж, довтолгооныхоо төгсгөлөө сайн гүйцэтгэж байв. Улмаар “Увс Нуур” 83:72-оор өрсөлдөгчөө буулган авч, улирлын хоёр дахь хожлоо авсан юм. “Увс Нуур” багаас легионер тоглогч Ким Чон Ил 29 оноо, 5 самбар авсан бол Г.Болд 19 оноо, 5 самбар, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Ц.Баянмөнх, Б.Батбуян, Алтансоёмбо нар багтаа чухал оноог авчирсан. Харин “Сүхбаатар залуучуудын шигшээ” багаас Б.Наранбаатар 16 оноо, 7 самбар авсан ч тэд энэ удаа ялагдал хүлээлээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж