МСБХ-ноос зохион байгуулж буй НИССАН дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны бямба гарагт “Буянт Ухаа” спорт цогцолборт болох гэж байна. Дөрвөн жил завсарласны эцэст лигийн тэмцээнээ зохион байгуулж буй МСБХ-ны 55 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тиймээс ойн баярыг Бүх оддын тоглолттой хамтатган зохион байгуулахаар болжээ.
Уламжлал ёсоор дээд лигийн тэмцээнд онцгойрч буй тоглогчдоос бүрдсэн шилдгүүдийн халз өрсөлдөөн, холын зайн шидэлтийн тэмцээн, цагираг дээрээс довтлох үзүүлбэр зэрэг үзэгчдийн хүсэн хүлээдэг тэмцээнүүд болно. Мөн 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнүүд болох аж.
МСБХ-ны дээд лигийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ жилийн Бүх оддын тоглолт 100 сая гаруй төгрөгийн төсөвтэйгөөр бүтэж байгаа гэнэ. Урлаг, соёлын одод болон сагсан бөмбөгийн шилдгүүд чуулсан үдэш олон олон сюрпризээр үзэгчдээ уйдаахгүй байх нь ээ.
Дашрамд сонирхуулахад, Бүх оддын тоглолтод баруун болон зүүн бүсийг төлөөлж 20 тоглогч оролцох аж. Тэднийг зөвхөн статистик үзүүлэлтээр үндэслэн сонгон шалгаруулахаас гадна, олон нийтийн сүлжээнд гурван өдрийн турш санал асуулга явуулахаар зэхэж байгаа гэнэ.
С.ЦЭЛМЭГ