-2011 онд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид 533 аж ахуйн нэгж 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эл мөнгийг арилжааны банкинд хадгалсан бол өдийд 20 орчим тэрбум болон өсөх байв. Хувьцаа худалдан авч, мөнгөө “түгжүүлсэн” компанийн хувьд энэ бол алдагдсан боломж, хохирол юм-
“Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар өнгөрсөн Даваа гаригт (2017.04.03) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандлаа. Энэ талаар Л.Наранбаатартай ярилцлаа.
-Та бүхэн шүүхэд ямар үндэслэлээр гомдол гаргаж байна вэ?
-Хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан мэдээллээр үл хангах, хуралд оролцоход саналын эрхгүй байлгах, гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийж буй зэрэг нь Компанийн тухай хууль зөрчиж байгаа юм. Үүнийг үндэслэл болгон шүүхэд хандлаа. Бид энэ талаар өмнө нь иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Түүний хүчээр ахиц гарсан зүйл бий. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан. Хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хүргэхээр болсон байна. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцох боломжтой гэжээ. Ингэж болохгүй. Иргэд энэ хуралд саналын эрхтэй оролцох ёстой. Иймд бид уг асуудлаар шүүхэд хандаж байгаа юм.
-Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 28-ны өдөр болно. Шүүх үүнээс өмнө та бүхний гомдлыг шийдвэрлэх боломжтой юу?
-Шүүхээс долоо хоногийн дараа хариу мэдэгдэнэ гэсэн. Амжих эсэх нь шүүхийн процессоос хамаарах болов уу.
-Үүнээс өөрөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн зүйл бий юү?
-533 аж ахуйн нэгж 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь худалдан авсан. Эдгээр аж ахуйн нэгж тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр тус компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авсан юм. Энэ мөнгийг халамж хэлбэрээр иргэдэд тараасан. Одоо иргэдэд эзэмшүүлсэн болон аж ахуйн нэгжүүдийн худалдаж авсан хувьцаа үхмэл байна. Уг нь энэ үнэт цаасыг хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжиж, ногдол ашиг өгч байх ёстой. Хэрэв энэ 7.4 тэрбум төгрөгийг арилжааны банкинд хадгалсан бол өдийд 20 орчим тэрбум болон өсөх байв. Хувьцаа худалдан авч, мөнгөө “түгжүүлсэн” компанийн хувьд энэ бол алдагдсан боломж, хохирол юм. Засгийн газар үүнийг үнэгүй хувьцаа гэж нэрлэж байгаа. Энэ бол үнэ цэнтэй зүйл юм. Тухайн үед нэг сая төгрөгөөр үнэлэгдэж, зарим иргэн аль хэдийнэ өгөөжийг нь хүртсэн. Тиймээс энэ бол үнэ цэнэтэй хувьцаа.
Нөгөө талаас Хувьцаат компанийн тухай хуулийн дагуу компани санхүүгийн тайлангаа олон нийтэд ил болгож, үйл ажиллагаа нь тунгалаг байх ёстой. Гэтэл энэ нь хаалттай байна. Тухайлбал, “Чалко” компанийн өрийг арилжааны банкнаас зээл авч төлсөн үү, нүүрс нийлүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа. “Чалко” компани ч “Эрдэнэс Тавантолгой” компаниас авах 350 сая ам.долларын өрийг эцэслэн шийдвэрлэсэн талаар одоог хүртэл мэдээлээгүй. Цанхийн зүүн хэсгийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 31-нээс эхлэн бүрэн зогслоо гэх мэдээлэл бий. “Эрдэнэс Тавантолгой” тонн нүүрсээ 72 ам.доллароор худалдана гэсэн боловч “Чалко” 54-өөр авна гэснээс үүдэн үнээ тохирч чадаагүй тул үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэж буй. Мөн “Чалко“-той хийсэн гэрээнд 350 сая ам.долларын өрийг мөнгөөр биш нүүрсээр дарна гэж заасан. Уг гэрээний заалтыг зөрчин, 30 сая ам.доллар хаанаас ч юм бэ гаргаж төлсөн. Харин “Чалко” компанийнхан үүнийг нь гэрээ зөрчсөн хэмээн үзэж хүлээж авахгүй байгаа. Тиймээс үлдсэн 30 сая ам.долларын өрөнд нүүрс нийлүүлсний дараа үнэ өсгөх эсэхийг ярина хэмээн тулгасан гэсэн мэдээлэл ч бий. Иймд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Уурхайн үйл ажиллагаа зогсоход өдөрт 2-3 сая ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ нь хувьцаа эзэмшигчдийг хохироож байна. Иймд мэдээллээ ил тод болгох хэрэгтэй.
-“Эрдэнэс Тавантолгой” нь улсын бүртгэлд хувьцаат компаниар бүртгүүлээгүй байдаг шүү дээ. Тиймээс иргэдэд мэдээллээ хүргэх шаардлагагүй юм биш үү?
-“Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани нэртэй боловч одоогоор ХХК хэлбэртэй байгаа. Компанийн тухай хууль шинэчлэгдэж, хувьцаат компани нь нээлттэй болон хаалтай хэлбэртэй байна гэж тусгасан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажна. Мөн тэд компанийн санхүү, үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болно. Ингэж байж хувьцаа эзэмшигчдэдээ өр үүрүүлэх бус, ногдол ашиг тараадаг, үнийн өсөлтөөс ашиг хүртдэг систем рүү шилжинэ. Маш олон хүн бидний санаачилгыг дэмжиж байна. Энэ сарын 28-ны өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлыг нь хуулийн дагуу зохион байгуулах шаардлагыг тавих хэрэгтэй.
-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанд хөрөнгө оруулсан иргэд ямар хүсэлт илэрхийлж байна вэ?
-Энэ аж ахуйн нэгжүүдийг цуглуулж, шийдлээ ярилцах төлөвлөгөөтэй байна.
-Тус компанийн хувьцааг хэрхэн “амь оруулах” вэ гэдэгт янз бүрийн санал байх шиг байна. Энэ хувьцааг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү үр дүнтэй вэ?
-Ерөнхий сайд өнгөрсөн сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруул гэсэн үүрэг өгсөн. Одоогоор энэ ажлыг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч бидний шахалтаар хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж байна. Энэ үеэр цаашид ямар шийдлээр энэ ажлыг хийх вэ, хэзээ ногдол ашиг хүртээх вэ гэдгээ танилцуулах болов уу.
-Орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцааны ханш өсөж байна. Мөн Монголын хөрөнгийн биржийн хамгийн эрэлттэй хувьцааны нэг нь. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа “үхмэл” хэвээрээ л байна.
-Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-г хувьцаат компани болгох шийдвэрийг 2010 онд гаргасан. Энэ үеэр нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүл, 10 хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуул, 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилж гэсэн шийдвэр гаргасан. Одоог хүртэл тус компанийг нээлттэй болгох ажлыг хийгээгүй байна. Уг нь Засгийн газрын энэ шийдвэр хэрэгжсэн бол энэ компани одоо ашигтай ажиллаж байх байжээ. Бидний “жижиг” хэмээн нэрлэдэг “Тавантолгой” компани сүүлийн 10 жил хувьцаа эзэмшигчдэдээ 100 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. “Тавантолгой” компани өнгөрсөн онд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Олборлосон нүүрснийх нь хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” компанийнхаас гурав дахин бага байсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани маш чанартай коксжих нүүрсийг хямд үнээр зарж, 540 тэрбум төгрөгийн алдагдал бий болгожээ. Хөгжлийн банкны болон бусад өрөө хэрхэн дарах вэ гэдэг шийдлээ огт ярихгүй байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй болсны дараа ашиггүй ажиллана гэдэг яриа ор үндэсгүй гэдэг нь “Тавантолгой” компанийн жишээнээс харагдаж байна. Тиймээс хувьцаа эзэмшигчид бүгд нийлээд энэ компанийг зөв менежмент рүү шахъя.