А.Байгальмаа: Харшил хүндрэхэд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь стресс

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

А.Байгальмаа: Харшил хүндрэхэд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь стресс

Хаврын цагт хүний харшил ихэсдэг. Энэ нь хөл газрын ургамал /шарилж/ навчит ургамлын тоосоо гөвдөгтэй холбоотой. Арьсны өвчин судлалын үндэсний төвд хийдэг шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын бүртгэл өнөөдөр дуусаж байна. Ингээд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Байгальмаатай ярилцсанаа хүргэж байна.


-Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтанд иргэд хэрхэн хамрагдаж байна вэ?

-Хаврын улирал салхи ихтэй учраас тоосонцор гарах нь элбэг. Энэ нь амьсгалын замаар хүний биед орж, харшил үүсгэх нь элбэг байдаг. Шарилж, навчит ургамлын тоосоо гөвөх хугацаа өөр байдаг. Ихэвчлэн дөрөвдүгээр сарын 15-аас эхлэх бол тав, зургаадугаар сард ч үргэлжилдэг. Тиймээс шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтыг жил бүрийн хавар хийдэг. Энэ удаа манай төв дээр 200 гаруй иргэн бүртгүүллээ. Өчигдрөөс хамрын цацлаг вакцины эмчилгээг хийгээд эхэлсэн. Өнөөдрөөс хойш энэ вакцинд хамрагдаж чадаагүй иргэд эмчдээ үзүүлээд шинж тэмдгийн эмчилгээг хийх хэрэгтэй. Харин антиполин уудаг эмийн эмчилгээг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн хийнэ.

-Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах вэ?

-Ургамлын тоосны харшлаас сэргийлэх нь эмч, хувь хүнээс шалтгаалах асуудал биш юм. Үүнд бүгдийн оролцоо чухал. Албан байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд нийгмээрээ хөл газрын ургамлыг тоосоо гөвөхөөс нь өмнө устгах ёстой. Мод ургамлын тайрч цэвэрлэхээс эхлээд ажлуудыг нийтээрээ хийх хэрэгтэй. Мөн барилгын бүтээн байгуулалтын ажил явагдаж, тоосонцор нэмэгдэж эхэллээ. Тиймээс бүхий л хөдөлмөр хамгааллын талын бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Аль болох тоосонцор гаргахгүй байх тэр талын аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах юм.

-Хүний дархлаа сулрах тусам харшил даамжирдаг. Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

-Хүмүүс хаврын цагт дархлаа сулраад, өвчин тусаад байна гэдэг. Гэтэл тэр хүний дархлын систем буруу ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр аль болох шөнийн нойроо сайн авах, зөв хооллох, сайн амрахыг нь зөвлөж байна. Хаврын цагт биеэ сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Хуурай ширүүн уур амьсгалтай улирал учраас аль болох ядрахгүй байх. Хэт их баярлах нь хэвийн ажиллах ёстой дархлааны системд гаж нөлөө үзүүлдэг. Компьютерийн ард бага суух, ухаалаг утсаа бага оролдох гээд аль болох өөрийгөө ядрааж байгаа зүйлээс холдох хэрэгтэй. Хүн өөрөө байгалийн амьтан. Тиймээс байгалиас дархлаагаа сайжруулна. Ямар нэгэн эм уугаад, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд сайжруулна гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Аль болох амралтыг чухалчлах зөвлөж байна.

-Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ачаалал хэр байна вэ?

-Манай төвд харшлын аппарат ирсэнээс хойш ачаалал нэмэгдсэн. Одоогоор найман эмч ажиллаж байгаа ч ажлын өдрүүдэд 5-6 эмч 300 орчим иргэдийг үздэг. Бидний ачаалал их байгаа ч гэсэн аль болох ирсэн иргэд бүртэй ажиллахыг хүсдэг. Уг нь дүүрэг бүр харшлын лаборатори байдаг ч иргэд төв лаборатори дээр ирж, ачааллыг нэмэгдүүлдэг. Үүнээс болж түр хүлээж чадалгүй бухимдах зэрэг асуудлыг гаргана. Тиймээс аль болох дүүрэг дээрээ очих хэрэгтэйг зөвлөж байна.


ХАРШИЛТАЙ БОЛ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Хүний дархлаа сулрах тусам харшил даамжирдаг. Мөн хоол хүнс, сэтгэл санааны байдал ч нөлөөлдөг байна. Хэрэв та харшилтай бол дараах зүйлсээс татгалзаж, болгоомжлоорой.

        1. Стресст өртөх

Харшил хүндрэхэд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь стресс юм. Стресстэх, нойргүйдэх нь биеийн дархлааг сулруулж, харшлыг хүндрүүлнэ. Мэдээж үүний эсрэг нь сайн унтаж амрах юм.

        2. Дарс хэтрүүлж хэрэглэх

Согтууруулах ундааны зүйлс нь харшлын шинж тэмдгийг 3 хувиар нэмэгдүүлдэг. Жишээ нь харшлын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихсэнэ.

        3. Эмээ амжиж уухгүй байх

Харшил эхлэхээс нь өмнө эм уувал эмний үйлчилгээ нь илүү сайн байдаг. Харшлын улирал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.

        4. Ор дээрх тоос

Ор дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар битүүрэх шалтгаан болдог. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нь нэмэх хэрэгтэй юм.

        5. Ургамлаас шалтгаална

Харшлын 75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна. Харшлаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийн таримал ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.

        6. Харшлын эмээ тасалдуулах

Харшлын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнө эм таны биеэр гүйж маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихгүй байх болно.

        7. Усан бассейнд сэлэх

Харшлыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.

        8. Тамхины утаа

Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг.

        9. Орой усанд орохгүй байх

Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бүрдээ усанд орж байгаарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж