Хуурамч мэдээлэл, нийгмийг үзэн ядалтад уриалсан мэдээллийг хэрэглэгчийн гомдлын дагуу нэн даруй устгаагүй тохиолдолд нийгмийн сүлжээний компанид мөнгөн торгууль ногдуулах хуулийн төслийг Германы Засгийн газар дэмжлээ хэмээн DW мэдээллээ. Мөнгөн торгуулийн хэмжээ нь 53 сая хүртэл ам.доллар байх ажээ.
Хуулийн төслийг парламент батлах учиртай.
“Үзэн ядах, үл тэвчих өнгө аястай мэдээлэлд суурилсан гэмт хэрэгтэй бид хангалттай үр дүнтэй тэмцэж чадахгүй байна. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг нь дэлхий нийтийн эрх чөлөөт байдал, нээлттэй ардчилсан нийгэмд асар их хор учруулж байна” хэмээн Германы Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Сүүлийн хоёр жилд Германд ирэх дүрвэгсдийн тоо нэг сая давсан бөгөөд үүнийг дагаад олон нийтийн сүлжээнд нийгмийг хагаралдуулсан мэдээллийн тоо ч нэмэгдсэн. Германы Засгийн газрын зүгээс олон нийтийн сүлжээг хариуцаж буй компаниуд ийм төрлийн контенттой үр дүнтэй, тууштай тэмцэхгүй байна хэмээн хэд хэдэн анхааруулж байсан.
Мөн ирэх есдүгээр сард Германд ээлжит сонгууль болох товтой байгаа. Сонгуулийг угтан олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл нэмэгдэнэ гэсэн болгоомжлол Германы олон улстөрчдөд байгаа юм.
Хэрвээ Германы Бундестаг энэ хуулийг баталбал гомдол ирсэнээс хойш 24 цагийн дотор мэдээллийг устгах юм. Энэ хууль зөвхөн олон нийтийн сүлжээний мэдээлэл төдийгүй интернэт орчин дахь хүүхдийг садар самуунд уруу татсан, террорист үйл ажиллагааг сурталчилсан контентийг мөн зохицуулах юм.
А.ТУЛГА