Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнгөрөгч даваа гаригт эхэлсэн. Уламжлалт энэхүү тэмцээнд манай улсаас долоон тамирчин хүч үзэж байгаагаас гурав нь хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. 60 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 64 кг-д Б.Чинзориг нар эхний өрсөлдөгчөө ялж, медалийн төлөө тулалдахаар үлдээд байна. Харин 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Ж.Отгонжаргал нар эхний даваанд ялагдсан.
Энэ удаагийн баг тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Н.Мөнхсайхан, зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди нар ахалж байна.
Ч.БОЛОР