Залуу эмэгтэйчүүд найм дахь жилдээ чуулна

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Залуу эмэгтэйчүүд найм дахь жилдээ чуулна

“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форумыг  найм дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Форум ирэх бямба гариг /2017.04.08/-т  “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар болно.

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намууд хүн амаа өсгөх бодлогод анхаарахаа илэрхийлж, төрөлтийг урамшуулах зорилгоор гэр бүл, хүүхдэд бэлэн мөнгө тараах амлалт өгдөг уламжлалтай. Улмаар сонгуульд ялсан нама Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө энэхүү  амлалт, бодлогоо тусгасаар ирлээ. Форумд оролцогч залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж буй “Хүн амаа өсгөх бодлого” нь амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буй талаар тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дүн шинжилгээ хийж, бодлого гаргагчдад санал, зөвлөмж бүхий байр суурийн баримт бичиг хүргүүлнэ.

Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг, гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд  урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах зорилготой юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж