УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийснээр үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хайр найргүй зарцуулсны хохирлыг нь бидний үеийнхэн, биднээс хойш үеийнхэн эдлэх боллоо. С.Эрдэнэ гишүүн та 2004 оноос хойш нийгмийн даатгалын санг удирдсан. Арвижуулах талаас нь юу хийв гэдгийг асуумаар байх юм.
Архангай аймгийн Хайрхан суманд нийгмийн даатгалын хоёр байцаагчид зориулж байр барьсан, Баянхонгор аймагт Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 1 тэрбум гаруй төгрөгөөр 40-ын бедон тараасан. Энэ бүхний золиос нь бид, бидний үеийнхэн болж байна.
Одоо алдагдлыг бууруулахын тулд тэтгэврийн насыг нэмэх нь. Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах талаар юу хийхээр зорьж байна вэ гэлээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Тэтгэврийн насыг нэмээд байхад л 2018 онд улсын төсвөөс тэтгэврийн санд 460 тэрбумын татаас олгоно. 2020 онд 286 тэрбумын татаас олгохоор байгаа. Тэтгэврийн сангийн орлого, зарлагыг ойрын хугацаанд баланслах боломжгүй байгаа. Тийм учраас аж ахуйн нэгж, иргэдэд хүндээр тусгахгүйн тулд зөөлөн бодлого барьж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Дээд тал нь 160 тэрбумаар нэмэгдсэн гэж байна. Гэтэл та бүхэн төр бүсээ чангална гэсэн, аль нь үнэн юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Бүх сайдын төсөв нэмэгдсэн талаар зохион байгуулалттай ч юм уу мэдээлэл тавигдаж эхэлсэн. Боловсруулсан төслийн хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийн санхүүжилт болох 111 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж 51.8 тэрбумаар нэмэгдүүлсэн, мах сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум суулгасан.
Хөгжлийн банк, Засгийн газар хоёр өр, авлагаа салгасан. Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 80 гаруй төсөл арга хэмжээ байсан нь Засгийн газарт ирж, санхүүжүүлэхээр болсны дагуу төсөв ерөнхийлөн захирагч нарын нэр дээр тавьсан зардал өссөн дүн харагдаж байгаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Хариуцаж байгаа салбар дээр нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардал тавигдсан учраас нэмэгдсэн гэдгийг ойлгоорой. Нэг сайдын зардал огт нэмэгдээгүй нь Шадар сайдынх. Сайд нарын бензин, шатахуун, цалинтай холбоотой зардал огт нэмэгдээгүй гэдгийг хэлье гэлээ.
Чуулган үргэлжилж байна.
Г.ДАРЬ