Өмнөд Солонгос Умардад мөнгөн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Умардад мөнгөн тусламж үзүүлнэ

Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэг лхагва гаригт Умард Солонгост нүүрлээд байгаа үерийн аюулыг даван туулахад туслах зорилгоор 4,7 сая ам.долларын тусламжийг санал болголоо.

Пёнгяны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Умардад зургаагаас долдугаар сарын дунд үе хүртэл тасралтгүй бороо орж, үерийн аюул нүүрлэсний улмаас 8,000 гаруй хүн орон гэргүй болж, 29 мянган айлын байшин үерт автсан талаар энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм. Уг мэдээллийг сонссон даруйдаа Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэг тусламж үзүүлэх шийдвэрийг гаргажээ. Улаан загалмайн мэдээлснээр хүмүүнлэгийн тусламжийг хуурай замаар хүргэх аж.

Өнгөрсөн 2010 онд хоёр Солонгосын хооронд хоёр ч удаа мөргөлдөөн гарч, харилцаа нь эрс хүйтэрч, Өмнөдийн талаас Умардруу ямар нэг тусламж илгээхийг хориглоод байсан юм. Умардууд дээрх мөргөлдөөний хариуцлагыг хүлээж, хүлцэл өчихөөс эрс татгалзсан нь Өмнөдийн бухимдлыг улам их төрүүлсэн.

Харин хэд хоногийн өмнө хоёр Солонгосын төлөөлөгчид уулзаж, цөмийн хөтөлбөрийн талаар санал солилцож, нэгдсэн байр сууринд хүрч чадсан явдал нь талуудын хүйтэрсэн харилцааг бага ч болов эерүүлэх эхлэлийг тавьж, Өмнөдийн талаас 2010 оноос хойш анхны тусламжийн цувааг Умард руу илгээсэн юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж