БНХАУ-ын дарга Си Жиньпины АНУ-д хийх айлчлал өнөөдөр /2017.04.06/ эхэлнэ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ажлаа авснаас хойш БНХАУ-ын төрийн тэргүүнтэй анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа юм. Мөн дэлхийн харилцааны олон талын өнгийг тодорхойлж байгаа хоёр гүрний тэргүүн нар уулзах гэж байгаа анхаарал татаж байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдохоосоо өмнө Хятадтай харилцах эдийн засгийн харилцаандаа өөрчлөлт оруулах болно хэмээн мэдэгдэж байсан.
Энэхүү айлчлал нь Хятад-АНУ-ын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно хэмээн Хятадын ГХЯ айлчлалыг угтан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Хоёр талын харилцаанаас гадна Ази, Номхон далайн бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, харилцан ойлголцлоо нэмэгдүүлнэ хэмээн мэдээллээ.
Ерөнхийлөгч Трамп ажлаа авсаныхаа дараа хоёрдугаар сарын 10-нд Хятад улсын дарга Си Жиньпинтэй утсаар ярихдаа “Нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын талтай бүтээлч харилцаа хөгжүүлэхэд бэлэн, энэ харилцаа нь хоёр талд ашигтай юм” хэмээн байр сууриа илэрхийлснийг Хятадын ГХЯ дахин нотолжээ.
БНХАУ болон АНУ дипломат харилцаа тогтоогоод 38 жил болж байгаа юм.
Хоёр улс эдийн засгийн гүн гүнзгий харилцаатай. 2016 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 500 тэрбум ам.долларыг давсан. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Трамп сонгогдохоосоо өмнө Хятадын импортын бараанд 45 хүртэл хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдсэн нь хоёр талд аль алинд нь болгоомжлол үүсгээд байгаа. Гэхдээ Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш энэ татварын талаар ам нээгээгүй байгаа юм.
Си Жиньпин АНУ-д хоёр өдөр айлчилна.
А.ТУЛГА